Их Британийн шүүх Ким Кардашяны Skims брэндийн дотуур хувцас тээвэрлэж явсан ачаанд их хэмжээний кокаин нуусан жолоочид 13.5 жилийн хорих ял оноолоо.
Польшийн иргэн, 40 настай Якуб Ян Конкел өнгөрсөн оны есдүгээр сард Нидерландаас Skims брэндийн 28 багц ачааг Их Британи руу тээвэрлэж явжээ. Тэрээр Эссексийн боомтод ирэх үедээ гаалийн байцаагч нарт саатуулагдсан байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар Конкел замдаа гуравдагч этгээдээс 90 кг кокаин хүлээн авч, хууль ёсны ачаа болон тээврийн хэрэгслийнхээ хэсгүүдэд нуусан нь тогтоогджээ.
Хууль ёсны ачааг илгээгч болон хүлээн авагч талууд уг хэрэгт ямар нэг холбоогүй болохыг мөрдөн шалгалтаар тогтоосон байна.
Конкел мансууруулах бодисыг Их Британийн хилээр нэвтрүүлснийхээ төлөө гэмт хэрэгтнүүдээс 4500 евро авахаар тохиролцсон байжээ.
Мөрдөгчид зохион байгуулалттай гэмт хэргийн сүлжээг онцлов
Хэргийг илрүүлсэн мөрдөгчдийн ахлагч Пол Орчард энэ төрлийн гэмт хэрэгт хууль ёсны тээвэрлэлт ашиглагддагийг анхааруулсан байна.
Тэрээр:
“Зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүд Конкел мэтийн жолооч нарыг ашиглан А ангиллын мансууруулах бодисыг хууль ёсны ачаанд нуун тээвэрлэх явдал гардаг. Мөрдөн байцаалтын үр дүнд их хэмжээний кокаин илрүүлсэн нь гэмт хэргийн бүлэглэлд ихээхэн хохирол учруулж, Конкел шиг чухал хамтрагчаа алдахад хүргэж байгаа юм”
хэмээн мэдэгджээ.
Шүүхийн шийдвэрээр Конкел 13 жил зургаан сарын хорих ял эдлэхээр болсон байна.