Нүүр хуудас K-drama“Perfect Crown”, “The Second Signal” төслүүд 1.3 сая ам.долларын дэмжлэгээ буцаах эрсдэлтэй болов

“Perfect Crown”, “The Second Signal” төслүүд 1.3 сая ам.долларын дэмжлэгээ буцаах эрсдэлтэй болов

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Солонгосын Бүтээлч контентын агентлаг буюу KOCCA “Perfect Crown” болон “The Second Signal” драмууд агентлагийн журам зөрчсөн эсэхийг шалгаж байна. Ялангуяа “Perfect Crown” түүх гуйвуулсан гэх маргаанд өртсөний дараа тус бүтээлд олгосон төрийн дэмжлэгийг буцаан авах эсэх асуудал хөндөгджээ.

“Perfect Crown” өнгөрсөн онд “2025 OTT-д зориулсан контент үйлдвэрлэлийн дэмжлэг” хөтөлбөрийн драмын төрөлд шалгарсан байна. Нийт 89 төсөл ирүүлснээс ердөө дөрөв нь сонгогдож, нэг бүтээлд 2 тэрбум вон буюу ойролцоогоор 1.3 сая ам.доллар хүртэлх санхүүжилт олгох нөхцөлтэй байжээ.

Гэвч тус драма сүүлийн үед түүхийн гуйвуулга хийсэн гэх шүүмжлэлд хүчтэй өртөж, олон нийтээс төслийн санхүүжилтийг буцаалгах шаардлага гарсан байна. Үүний дараа продакшны баг, зохиолч, гол дүрийн жүжигчид болох IU, Byeon Woo Seok нар олон нийтээс уучлалт гуйсан юм.

Харин MBC албан ёсны байр суурь илэрхийлэлгүйгээр тус цувралыг давтан гаргаж, марафон хэлбэрээр цацсаар байгаа нь нэмэлт шүүмжлэл дагуулжээ. Тухайлбал, MBC ON тавдугаар сарын 24-нд 1-12 дугаар ангийг дараалан гаргахаар төлөвлөсөн гэж мэдээлэгдсэн байна.

“The Second Signal” ч мөн санхүүжилтээ буцаах магадлалтай

“The Second Signal” мөн KOCCA-гийн “2025 OTT-д зориулсан контент үйлдвэрлэлийн дэмжлэг” хөтөлбөрийн урт хэмжээний драмын ангилалд сонгогдсон бүтээл юм. Энэхүү хөтөлбөр нь өндөр чанартай OTT контент бүтээх, оюуны өмчийн хөгжлийг дэмжих зорилготой бөгөөд нийт төсөв нь 7.5 тэрбум вон буюу ойролцоогоор 5 сая ам.доллар байжээ.

Драмын төрөлд нийт 89 төсөл өрсөлдсөнөөс “The Second Signal” нь “Perfect Crown”, “Your Personal Taxi”, “Peach Trap” зэрэг бүтээлтэй хамт шалгарсан байна.

Гэвч “The Second Signal” tvN сувгаар гарахаар товлогдсон ч энэ ондоо багтаж цацагдахгүй бол авсан санхүүжилтээ буцаах шаардлагатай болж магадгүй гэж мэдээлжээ.

KOCCA-гийн албан төлөөлөгч тавдугаар сарын 21-нд:

“‘The Second Signal’-ийн төсвийн зарцуулалт аль хэдийн эхэлсэн. Эцсийн үнэлгээ тавдугаар сард товлогдсон ч өөрчлөгдөх нөхцөл байдал үүсэж болзошгүй. Үр дүнгээс хамааран санхүүжилтийг бууруулах эсвэл буцаан авах боломжтой”

хэмээн мэдэгдсэн байна.

KOCCA-гийн журмаар төсөл эцсийн үнэлгээнд хангалтгүй дүн авбал олгосон санхүүжилтийг хуримтлагдсан хүүгийн хамт 30 хоногийн дотор буцаан төлөх үүрэгтэй аж.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх