Өмнөд Солонгосын нэрт жүжигчин Ким Сү Хён эмгэнэлтэйгээр нас барсан жүжигчин Ким Сае Ронтой түүнийг 15 настай байхаас нь үерхэж байсан гэх мэдээлэлтэй холбогдон олон нийтийн хүчтэй шүүмжлэл, цахим дайралтын бай болсон. Үүний улмаас тэрбээр тайз, дэлгэцийн ажлаасаа холдож, нийгмийн зүгээс ирсэн дарамт, ад үзэлттэй нүүр тулсан билээ.
Мөн уг маргааны дараа жүжигчний зар сурталчилгааны гэрээнүүд цуцлагдаж, санхүүгийн хувьд ч их хэмжээний хохирол амссан байна.
Өмгөөлөгч нь олон нийтэд хандан уриалга гаргав
Жүжигчин Ким Сү Хёны өмгөөлөгч Ко Сан Рок БНСУ-ын олон нийт, нийгэмд хандан түүнийг дахин хэвийн амьдрал, ажилдаа эргэн ороход нь дэмжих шаардлагатай гэж мэдэгдлээ.
Тэрбээр “Цагдаагийн газраас хэргийн үнэн учрыг тодруулсны дараа бид түүнд нийгэмд буцан ирэхэд нь туслах ёстой байна. Тэр маш их хохирсон” гэж уриалсан байна.
“Ким Сү Хён бол хохирогч” гэж мэдэгдэв
Өмгөөлөгч Ко Сан Рок олон нийтийн сүлжээнд нийтэлсэн бичвэртээ Ким Сү Хёныг ямар нэгэн гэмт хэрэгт шалгагдаж буй хүн биш, харин хохирогч гэж тодорхойлжээ.
Тэрбээр постдоо “Ким Сү Хён бол хохирогч. Тэрээр ямар ч гэмт хэргээр мөрдөгдөөгүй байгаа. Тиймээс бид сүүлийн үед YouTube-д гараад байгаа зүйлд хариу өгөөгүй юм. Энэ урт удаан мөрдлөгийн эцэст Ким Сү Хёнд учирсан хохирлыг бүрэн тогтоосон. Одоо тэр ажлын байрандаа эргэн ирэх ёстой. Эрүүл саруул нийгэм нь хэлмэгдэж, хохирсон нийгмийн нэгэн гишүүндээ маш хурдан шуурхай тусалж байх ёстой. Түүний байх ёстой байр бол тайз, дэлгэц” гэж хэлсэн байна.
YouTube сувгийн эзнийг баривчлах зөвшөөрөл олгожээ
Сөүлийн Прокурорын газраас “Garosero Research Institute” нэртэй YouTube сувгийн эзэн Ким Се Ый-д холбогдуулан баривчлах зөвшөөрөл олгосон байна. Түүнийг жүжигчин Ким Сү Хёны талаар хуурамч мэдээллийг зохион байгуулалттайгаар бэлтгэж, олон нийтэд тараасан гэж үзжээ.
Мэдээлэлд дурдсанаар, Ким Се Ый өөрийн сувгаар дамжуулан тараасан зарим материал нь орчин үеийн технологи болон хиймэл оюун ухаан ашиглан хуурамчаар бүтээсэн болохыг тогтоосон байна.
Хэрэгт сэжиг төрүүлсэн нөхцөлүүд ил болсон гэв
Мөн талийгаач жүжигчин бүсгүйн гэр бүлийнхэн түүний гар утсыг цагдаагийн байгууллагад өгөхөөс татгалзсан зэрэг үйлдэл гаргасан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад анхаарал татсан гэж мэдээлжээ.
Эдгээр нөхцөл байдал нь хуурамч мэдээлэл тараасан байж болзошгүй гэх сэжгийг улам нэмэгдүүлж, улмаар холбогдох хүмүүсийн гэм бурууг илрүүлэхэд нөлөөлсөн гэж үзэж байна.
Ким Сү Хёны ирээдүй дахин анхаарлын төвд орлоо
Өмгөөлөгчийн мэдэгдлийн дараа Ким Сү Хён тайз, дэлгэцийн ажилдаа эргэн ирэх ёстой эсэх асуудал Өмнөд Солонгосын олон нийтийн дунд дахин яригдаж эхэллээ. Түүний талынхан жүжигчин залууг үндэслэлгүй мэдээлэл, цахим дайралтын улмаас ноцтой хохирсон гэж үзэж байгаа бол цаашдын шийдвэр нь мөрдөн шалгах ажиллагааны үр дүн болон олон нийтийн хандлагаас ихээхэн хамаарах төлөвтэй байна.