Нүүр хуудас Кино“Euphoria” цуврал гуравдугаар бүлгийнхээ дараа бүрмөсөн өндөрлөлөө

“Euphoria” цуврал гуравдугаар бүлгийнхээ дараа бүрмөсөн өндөрлөлөө

0 сэтгэгдэлүүд

Алдартай “Euphoria” цуврал гуравдугаар бүлгээ гаргаад албан ёсоор төгсөж байна. Энэ тухай тус цувралын зохиолч, найруулагч Сэм Левинсон The New York Times Popcast подкастад оролцохдоо мэдэгджээ.

Хожим нь HBO суваг энэхүү мэдээллийг албан ёсоор баталсан бөгөөд гуравдугаар бүлгийн төгсгөлийн анги болох “In God We Trust” нь тус шоуны хамгийн сүүлчийн анги болсон байна.

Энэхүү мэдээ нь “Euphoria”-гийн шүтэн бишрэгчдийн хувьд тийм ч гэнэтийн зүйл биш юм. Учир нь гол дүрийн жүжигчин Зендея цуврал дуусах гэж буйг өмнө нь цухуйлгаж байснаас гадна кино урлагийн салбарт уг шоуг цаашид үргэлжлэхгүй гэх цуу яриа аль эртнээс гарсан байв. Хоёр болон гуравдугаар бүлгийн хооронд дөрвөн жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд цувралын олон жүжигчид дэлхийн хэмжээний одод болж амжжээ. Жүжигчдийн зураг авалтын шахуу хуваарь болон үйлдвэрлэлийн явцад гарсан хүндрэлүүд нь шинэ бүлэг дээр ажиллах хугацааг багийнхны хувьд хэд хэдэн удаа хойшлуулахад хүргэж байсан юм.

Гуравдугаар бүлгийн нээлтийн өмнөхөн өгсөн нэгэн ярилцлагадаа Левинсон цувралын ирээдүйн талаар урт хугацааны төлөвлөгөө гаргахгүй байхыг илүүд үздэгээ хүлээн зөвшөөрч байжээ. Тэрээр “Би бүлэг болгонд хамгийн сүүлчийнх мэт ханддаг. Энэ бол миний баримталдаг зарчим. Би одоо ч 7 болон 8 дугаар ангиудын төгсгөлийн засал дээр ажиллаж байна. Тиймээс цаашдын ирээдүйд ‘сохор’ хэвээр үлдэж, зөвхөн одоо хийж буй ажилдаа анхаарлаа хандуулахыг хичээж байна. Бүх зүйл бурхны гарт байна” хэмээн онцолжээ.

“Euphoria” цувралын анхны анги 2019 онд дэлгэцнээ гарч байсан бөгөөд долоон жилийн хугацаанд нийт 3 бүлэг, 24 анги үзэгчдийн хүртээл болсон юм. Уг шоу нь донтолт, өөрийгөө хайх эрэлхийлэл, сэтгэл зүйн гэмтэл, анхны хайр болон сошиал медиагийн нөлөөллийг туулж буй өсвөр насны хүүхдүүдийн амьдралыг харуулдаг. Гуравдугаар бүлгийн үйл явдал өмнөх ангиудаас хойш хэдэн жилийн дараа өрнөх бөгөөд зохиолын өрнөл нь итгэл үнэмшил, нүглээ наминчлах болон ёс суртахууны сонголтын тухай асуудлууд дээр төвлөрөх аж.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх