“When You Say Nothing at All”-аар танигдсан дуучин Монголын тайзнаа гарна
Дэлхий даяар 45 сая гаруй цомог борлуулсан, 90-ээд оноос хойш олон сая сонсогчийн дурсамжид үлдсэн Boyzone хамтлагийн гишүүн Ronan Keating анх удаа Монголд ирж дуулахаар болжээ.
Түүнийг олон үзэгч Notting Hill киноны алдарт “When You Say Nothing at All” дуугаар нь хамгийн сайн мэддэг. Мөн бие даасан уран бүтээлийнх нь нэрийн хуудас болсон “Life Is a Rollercoaster”, “If Tomorrow Never Comes” зэрэг хитүүд нь олон улсад амжилт олсон юм.
KHARKHORUM visual art & music festival-д оролцоно
Ronan Keating энэ сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох KHARKHORUM visual art & music festival-ийн гол зочдын нэгээр оролцохоор Монголыг зорих гэж байна.
Дуучин зөвхөн Boyzone-ийн гишүүн гэдгээрээ бус, “The X Factor”, “The Voice Australia” зэрэг томоохон хөгжмийн шоуны шүүгч, радио хөтлөгч, жүжигчин зэрэг олон талын уран бүтээлээрээ танигдсан нэгэн юм.
Фестиваль урлаг, хөгжим, инновацыг нэгтгэнэ
Сүүлийн гурван жилийн хугацаанд KHARKHORUM visual art & music festival нь соёл урлаг, хөгжим, инновацыг нэг дор нэгтгэсэн шинэ үеийн талбар болон өргөжжээ.
Харин энэ жилээс фестиваль зөвхөн хоёр өдрийн тоглолтоор хязгаарлагдахгүй, нийгэм болон соёлын салбарт урт хугацаанд үлдэх бодит үнэ цэн бүтээх зорилгоор үйл ажиллагаагаа өргөжүүлж байна.
Энэ хүрээнд хөгжмийн үзүүлбэрүүдээс гадна урлагийн инсталляц, бүтээлч хэлэлцүүлэг, залуусын инновацын workshop зэрэг олон талт жижиг хөтөлбөрүүдийг шат дараатай зохион байгуулахаар төлөвлөжээ.
Эхний өдөр электрон хөгжмийн хөтөлбөртэй
Фестивалийн эхний өдөр уламжлал болсон electronic music хөтөлбөрөөр үргэлжилнэ.
Тус өдөр DJ, producer 8Kays онцлох уран бүтээлчээр нэрлэгдэж байгаа бөгөөд мөн Билгүүдэй, Бодьхүү, Dott, Leafar Leagov, Ouissam болон b2b Emel зэрэг дотоод, гадаадын уран бүтээлчид тайзнаа гарах юм.
Хоёр дахь өдөр Ronan Keating гол тоглолтоо хийнэ
Фестивалийн хоёр дахь өдөр Монголын рок, поп, инди хөгжмийн төлөөллүүд болох Mohanik, Colors, Blindfold, Camerton хамтлагууд үзэгчдэд тоглолтоо хүргэнэ.
Үүний дараа фестивалийн гол зочин Ronan Keating тайзнаа гарч, Монгол дахь анхны тоглолтоо хийхээр байна.
Тасалбарыг хэд хэдэн платформоор худалдаалж байна
KHARKHORUM visual art & music festival-ийн тасалбарыг дараах платформуудаас авах боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг фестивалийн албан ёсны Facebook хуудас болох www.facebook.com/Kharkhorum.festival хаягаар авах боломжтой.