Jung Hae In болон Ha Young нарын романтик хими дэлхийн үзэгчдийн анхаарлыг татаж байна. Netflix-ийн “Our Sticky Love” цуврал нээлтээ хийснээс хоёрхон хоногийн дараа 18 улсад тэргүүлж, дэлхийн хэмжээнд хоёрдугаар байрт оржээ.
FlixPatrol хэмээх OTT үзэлтийн чансааны сайтын мэдээлснээр, “Our Sticky Love” 8-р сарын 10-ны байдлаар 563 оноо авч, Netflix-ийн TV Show ангилалд хоёрдугаарт бичигдсэн байна.
81 улсад Top 10-д багтжээ
Цуврал Өмнөд Солонгос, Вьетнам, Тайланд, Сингапур, Перу, Филиппин, Малайз зэрэг 18 улсад нэгдүгээр байр эзэлжээ. Мөн дэлхийн 81 улсад Top 10 жагсаалтад багтсан байна.
“Our Sticky Love” Азиас гадна ч хүчтэй үзүүлэлттэй байгаа аж. Тухайлбал, Бразилд нэгдүгээр, Мексикт гуравдугаар, Испанид тавдугаар, Италид зургаадугаар, Германд есдүгээр, Канад болон АНУ-д аравдугаар байрт оржээ.
Ой санамжаа алдсан прокурорын түүх
8-р сарын 7-нд нээлтээ хийсэн “Our Sticky Love” нь ой санамжаа алдсан прокурор Go Eun Sae болон өөрийгөө түүний найз залуу гэж танилцуулдаг боксын дасгалжуулагч Jang Tae Ha нарын гэнэтийн хамтын амьдралыг өгүүлнэ.
Go Eun Sae-ийн дүрийг Ha Young, Jang Tae Ha-ийн дүрийг Jung Hae In бүтээжээ. Дэлхийн үзэгчид хоёр гол дүрийн хими болон романсыг бусад жанртай хослуулсан өвөрмөц өнгө аясыг өндрөөр үнэлж байна.