33 настай инфлюенсерийн гэнэтийн үхэл олныг цочирдуулав
Бразилийн 33 настай инфлюенсер Марта Келли иж бүрэн гоо сайхны мэс заслын дараах хүндрэлээс болж нас баржээ. Энэ талаар түүний нөхөр, блогер Маркус Винисиус өөрийн олон нийтийн сүлжээнд мэдэгдсэн байна.
Daily Mail-ийн мэдээлснээр, Марта наймдугаар сарын 12-нд “гурвыг нэг дор” гэж нэрлэгддэг мэс засалд орсон бөгөөд үүнд өөх соруулах мэс засал, хөхний суулгац тавих ажилбар, хэвлийн арьс чангалах мэс засал багтжээ.
Мэс заслын дараа бие нь огцом муудсан байна
Мэс заслын маргааш Мартa Келлиг эмнэлгээс гаргасан байна. Гэвч хоёр хоногийн дараа түүний биеийн байдал огцом муудаж, дахин эмнэлгийн тусламж авахаас өөр аргагүй болжээ.
Инфлюенсерийг яаралтай эмнэлэгт хэвтүүлсэн ч наймдугаар сарын 17-нд эрчимт эмчилгээний тасагт нас барсан байна.
Нөхөр нь сэтгэл шимшрэм үгс бичжээ
Марта Келли нөхөр Маркус Винисиустайгаа хамт гурван бяцхан хүүгээ өсгөж байв. Маркус эхнэрээ алдсан гашуудлаа олон нийтийн сүлжээнд хуваалцжээ.
Тэрээр:
“Одоо мэдэрч буй бүх өвдөлтийг минь ямар ч үг бүрэн илэрхийлж чадахгүй юм шиг санагдаж байна. Бид хамтдаа 15 жилийг өнгөрүүлсэн. Марта миний амьдралын хайр байсан. Миний хамгийн сайн найз, миний хань, хамгийн сайн эхнэр, хүүхдүүдийн маань гайхалтай ээж байсан. Тиэо, Рави, Филиппо нар ийм ээжтэй байсан нь үнэхээр азтай. Одоо миний амьдралын хамгийн хүнд даалгавар эхэлж байна — цааш үргэлжлүүлэн амьдарч, гурван хүүгээ тэр хүсэх байсан шиг нь өсгөх. Би тэдэнд ээж нь ямар хүн байсан, тэднийг ямар их хайрладаг байсан, мөн амьдралынх нь мөч бүрийн нэг хэсэг хэвээр байх болно гэдгийг үргэлж мэдрүүлэхийн тулд бүхнийг хийнэ” гэж бичсэн байна.

Марта Келли олон мянган дагагчтай байжээ
Марта Келли олон нийтийн сүлжээнд 500 мянга гаруй дагагчтай байсан. Тэрээр загвар, эх хүний амьдрал, гэр бүл болон өдөр тутмынхаа талаар контент нийтэлдэг байжээ.
Түүний гэнэтийн нас баралт фэнүүд, найз нөхөд, гэр бүлийнхнийг нь гүн цочролд оруулсан байна. Харин Маркус Винисиус одоо гурван хүүгээ ганцаараа өсгөх хүнд үүрэгтэй нүүр тулж байна.