Солонгос гаралтай Америкийн дуучин, ая зохиогч Rei Ami “KPop Demon Hunters” бүтээл түүний карьер төдийгүй өөрийнхөө хэн болохыг хүлээн зөвшөөрөх хандлагыг бүхэлд нь өөрчилсөн тухай ярьжээ.
31 настай уран бүтээлч өнгөрсөн жил Netflix-ийн “KPop Demon Hunters” анимэйшний OST-д оролцож, “Golden” зэрэг дууг дуулсан багийн нэг хэсэг болсон юм. Тус бүтээлийн дуунууд АНУ-ын Billboard Hot 100 болон Их Британийн Official Singles Chart-ийн оргилд хүрч, Rei Ami-д Академийн шагнал гардуулах ёслол, BRIT Awards, BAFTA зэрэг олон улсын том тайзанд гарах боломж олгожээ.
Гэхдээ түүний хэлснээр “KPop Demon Hunters”-ын хамгийн том нөлөө нь зөвхөн мэргэжлийн амжилтаар хэмжигдээгүй байна.
Rei Ami Солонгост төрж, зургаан настайдаа АНУ руу нүүсэн бөгөөд шинэ бүтээл “2LOUD”-оо гаргасныхаа дараа 12 жилийн дараа эх орондоо эргэн иржээ.
Тэр ярилцлагадаа:
“Би солонгос хүн гэдэг үндэс угсаагаараа үнэхээр бахархдаг. Цаашдаа ч энэ өв, соёлыг улам гэрэлтүүлэх зүйл хийхийг хүсдэг”
хэмээн хэлсэн байна.
Мөн “KPop Demon Hunters”-ын OST дээр хамтарсан EJAE болон Audrey Nuna нартай эгч, дүүс шиг харилцаатай болсон нь түүнд сэтгэлзүйн хувьд ч ихээхэн нөлөөлжээ.
Rei Ami:
“Би үнэндээ маш энхрий, гэрэлтэй, эрч хүчтэй хүн. ‘KPop Demon Hunters’-ын ачаар миний тэр нар шиг гэгээлэг жинхэнэ төрх дахин гарч ирсэн”
гэж ярьжээ.
Тэр 12 жилийн дараа Солонгост эргэн ирэхдээ:
“Солонгосын бахархал гэж хэлж болох хүн болоод эргэж ирж байгаадаа үнэхээр их нэр төрийн хэрэг гэж бодсон. Тэгээд Солонгос руу нисэж байхдаа онгоцонд бүтэн замын турш уйлсан. Би дотроосоо бүрэн солонгос хүн, миний хийдэг бүх зүйлд солонгос өнгө аястай зүйл заавал ордог”
хэмээн дурссан байна.
“Кимбабтай явсныхаа төлөө шоолуулдаг байсан”
Rei Ami хүүхэд байхдаа Америкийн сургуульд кимбаб авч очиход бусад хүүхэд шоолдог байсан тухайгаа ярьжээ.
Харин “KPop Demon Hunters”-ын дараа нөхцөл байдал огт өөр болсон гэж тэр онцолсон байна.
Rei Ami:
“Би хүүхэд байхдаа сургуульдаа кимбаб авч очоод шоолуулдаг байсан. Харин одоо Америкийн хүүхдүүд солонгос хэл сурмаар байна гэж ярьж, өөрсдөө кимбаб хайдаг болсон”
гэжээ.
Тэр үргэлжлүүлэн:
“‘KPop Demon Hunters’ бол зүгээр нэг хүүхдийн кино биш. Энэ бол дэлхий даяар тархсан соёлын үзэгдэл болсон”
хэмээн хэлсэн байна.
Maryland мужид өссөн Rei Ami гэртээ хатуу, уламжлалт солонгос орчинд амьдардаг байсан бол сургууль дээрээ илүү чөлөөтэй америк орчинд өссөн гэжээ.
Шашин шүтлэгтэй эцэг эх нь түүнийг христийн хөгжмийг сонсоосой гэж хүсдэг байсан ч Rei Ami Britney Spears, Mariah Carey, Christina Aguilera зэрэг поп оддын дууг нууцаар сонсдог байжээ.
Харин Girls’ Generation, Wonder Girls, Brown Eyed Girls зэрэг K-pop хамтлагийн дуунд эцэг эх нь харьцангуй эерэг ханддаг байсан байна.
Rei Ami:
“Хөгжим бол миний анхны хайр, цорын ганц хайр, миний үнэнч хэвээр үлдсэн цорын ганц зүйл”
хэмээн хэлсэн ч өмнө нь өөрийн мэдрэмж, бодлоо илэрхийлэхдээ өөрийгөө байнга хязгаарладаг байсан тухайгаа мөн ярьжээ.
Түүний Rei Ami гэх тайзны нэр ч анимэйшнтай холбоотой. Тэр “Sailor Moon”-д маш дуртай байсан бөгөөд нэрээ Hino Rei болон Mizuno Ami гэсэн хоёр дүрээс авсан байна.
Тэр:
“‘Sailor Moon’ бол эмэгтэйчүүд хамтдаа нэгдэж, өөрсдийн хүч чадлыг ашигладаг, төгс биш байсан ч эцэст нь бүхнийг хийж чаддаг тухай түүх”
гэж тайлбарлажээ.
Rei-ийн улаан, Ami-ийн цэнхэр өнгө нь Солонгосын төрийн далбааны өнгөтэй давхцдаг нь ч түүнд онцгой санагддаг байсан гэнэ.
“2LOUD” бол жинхэнэ өөрийгөө дахин танилцуулсан дуу
Rei Ami 2019 онд “Snow Cone” хэмээх хурц, өдөөн хатгасан өнгө аястай бүтээлээр дебют хийжээ.
Тэр дуугаа гаргахаасаа өмнө эцэг эх нь олж мэдэхээс сэргийлж тэдэнтэй холбоотой бүх сошиал хаягийг хаасан ч эцэст нь гэр бүлийнхэн нь дууг нь олж сонссон байна.
Эцэг эх нь:
“Энэ чинь юу вэ?”
гэж асуухад Rei Ami:
“Энэ л та нарын охин”
хэмээн хариулсан тухайгаа ярьжээ.
Түүнээс хойш фэнүүд нь түүний уран бүтээлийн хэв маягийг “хутгатай Hello Kitty” гэж хүртэл хочилдог болсон байна.
Харин “KPop Demon Hunters”-ын дараах анхны соло бүтээл “2LOUD”-даа тэр өмнөх ууртай, хурц дүр төрхөөсөө бага зэрэг холдож, илүү хөгжилтэй, гэрэлтэй зан чанараа харуулахыг хүсжээ.
Rei Ami:
“Энэ бол намайг дахин танилцуулж байгаа дуу. Өмнө нь дэлхийд харуулж байгаагүй хөгжилтэй, гэрэлтэй талыг минь харуулна”
гэжээ.
Мөн:
“‘KPop Demon Hunters’-ын дараа би илүү хүчтэй болсон. Өөртөө болон миний харьяалагддаг солонгос гаралтай нийгэмлэгт илүү итгэдэг болсон. Өмнөхөөсөө илүү сайн хувилбар болсон мэт санагддаг”
хэмээн ярьсан байна.
Солонгост ирсэн энэ удаагийн аяллаараа Rei Ami багадаа амьдарч байсан Guui-dong дахь хагас подвалын байшингаа эргэн харж, өвөөгийнхөө булшинд ч очжээ.
Тэр:
“‘KPop Demon Hunters’-ын ачаар эцэг эхийнхээ байрны зээлийг хүртэл төлж чадсан. Манай гэр бүлийн эхлэл байсан газар эргэж очиход үнэхээр сайхан, утга учиртай санагдсан”
гэжээ.
Rei Ami цааш нь:
“Нэг үед хөгжим намайг гэр бүлээс минь холдуулсан. Гэхдээ эцэст нь тэр хөгжим л биднийг эдгээж, эргээд холбосон. Бүх зүйл яг байрандаа орсон мэт санагдаж байна”
хэмээн хэлсэн байна.
Тэр “Golden” дуугаараа Академийн болон Grammy шагнал хүртсэн нь том үйл явдал байсан ч өөрт нь хамгийн дурсамжтай тайз нь Macy’s Thanksgiving Day Parade байсан гэж онцолжээ.
Rei Ami:
“‘Golden’ Оскар авсан нь мэдээж сайхан. Grammy авсан нь ч үнэхээр гайхалтай. Гэхдээ багадаа гэр бүлтэйгээ зурагтаар үздэг байсан парадад өөрөө оролцсон нь надад илүү онцгой мэдрэмж төрүүлсэн”
гэж ярьсан байна.
Түүний дараагийн зорилго нь фэнүүд нь Rihanna-гийн шинэ бүтээл хүлээдэг шиг өөрийнх нь шинэ дууг хүлээдэг уран бүтээлч болох аж.
“KPop Demon Hunters”-ын үеэр EJAE, Audrey Nuna нартай хамт том тайзанд гардаг байсан бол одоо соло карьертаа өөрөө үзэгчдийн анхаарлыг татах шаардлагатай болжээ.
Тэр:
“Grammy, Oscar зэрэг том тайзан дээр тэд үргэлж хажууд минь байсан. Харин одоо би ганцаараа сорилттой нүүр тулна. Ганцаараа тайзнаа гарах хэцүү ч би мэргэжлийн хүн учраас эцэст нь хийж чаддаг”
хэмээн хэлжээ.
Rei Ami өөрийн хамгийн том зорилгыг:
“Уран бүтээлч байх хугацаандаа оюун санаа, сэтгэлээ хамгаалах”
хэмээн тодорхойлсон байна.
“KPop Demon Hunters”-ын батлагдсан үргэлжлэл ямар байх талаар асуухад тэр:
“Би юу ч мэдэхгүй. Мэдэж байсан ч хэлбэл асуудалд орно”
хэмээн хошигножээ.
Гэхдээ өөрийн хүсэл сонирхлыг:
“Хувьдаа Huntrix-ийн гурван гишүүн анх хэрхэн танилцсаныг харуулсан гарал үүслийн түүх гарвал сонирхолтой санагдана. Мөн Rumi-ийн аав хэн болохыг үнэхээр мэдмээр байна”
гэж хэлсэн байна.