Мягмар, 11 сар 3, 2026
Нүүр хуудас Театр“Жаргаагүй нар” 10 жилийн дараа дахин тайзнаа: Д.Нацагдоржийн амьдралыг өгүүлэх эмгэнэлт жүжиг эргэн ирэв

“Жаргаагүй нар” 10 жилийн дараа дахин тайзнаа: Д.Нацагдоржийн амьдралыг өгүүлэх эмгэнэлт жүжиг эргэн ирэв

0 сэтгэгдэлүүд

Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой, Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ойд зориулан “Жаргаагүй нар” түүхэн эмгэнэлт жүжгийг дахин тайзнаа тоглохоор болжээ.

Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын зохиол, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Түвшингийн найруулгаар бүтсэн уг жүжиг анх 2016 онд үзэгчдийн хүртээл болж байсан юм.

Харин энэ жил Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой тохиож буйтай холбоотойгоор бүтээлийг арван жилийн дараа дахин сэргээн тоглож байна.

Жүжгийн нэр анх өөр байжээ

“Жаргаагүй нар” жүжгийн анхны нэр нь “Нар жаргасан ч хөхөө донгоддог” байжээ.

Зохиолч Ш.Гүрбазар 2016 онд өгсөн ярилцлагадаа уг бүтээлээ анх энэ нэрээр бичсэн ч уран сайхны зөвлөлийн хэлэлцүүлгийн дараа “Жаргаагүй нар” болгон өөрчилсөн тухай ярьж байсан байна.

Жүжгийн үйл явдал ердөө 31 насалсан их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэжээ.

Түүний хувь заяагаар дамжуулан тухайн үеийн нийгмийн нөхцөл байдал, хүний дотоод зөрчил, амьдралын хатуу үнэн, хайр дурлал, үзэл санаа болон туулсан сорилтуудыг тайзны хэлээр өгүүлэхийг зорьсон байна.

Д.Нацагдоржийн дүрд Б.Шинэбаяр тоглоно

Жүжгийн гол дүр Д.Нацагдоржийг Соёлын тэргүүний ажилтан Б.Шинэбаяр бүтээж байна. Тэрбээр “Аав” уран сайхны кинонд жүжигчин Ц.Цэрэнболдын залуу насны дүрийг бүтээснээр үзэгчдэд танигдсан уран бүтээлч юм.

Харин Пагмадуламыг О.Хонгорзул, Нинаг М.Тогтохжаргал, Намдагийг Т.Сэргэлэн бүтээж байна.

Мөн Ардын жүжигчин Б.Жаргалсайхан, Ж.Оюундарь, Гавьяат жүжигчин У.Уранчимэг зэрэг ахмад, дунд, залуу үеийн уран бүтээлчид жүжгийн бүрэлдэхүүнд оролцжээ.

Тус бүтээлийн ерөнхий продюсероор Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар ажиллаж байна.

Арваннэгдүгээр сарын 5-наас тоглоно

“Жаргаагүй нар” түүхэн эмгэнэлт жүжгийг арваннэгдүгээр сарын 5-наас Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглохоор товложээ.

Тасалбарыг Ticket.mn цахим хуудас болон театрын билетийн кассаар худалдаалж байна.

Ийнхүү Д.Нацагдоржийн богинохон атлаа бүтээл туурвилаар арвин амьдрал, хувь хүний эмгэнэлт хувь заяа, тухайн цаг үеийн нийгмийн өнгө төрхийг харуулсан “Жаргаагүй нар” бүтээл арван жилийн дараа дахин үзэгчидтэй уулзах гэж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх