Нүүр хуудас Фешн ба стильАнна Винтур 37 жилийн дараа Vogue сэтгүүлийн эрхлэгчийн албыг хүлээлгэн өглөө

Анна Винтур 37 жилийн дараа Vogue сэтгүүлийн эрхлэгчийн албыг хүлээлгэн өглөө

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Дэлхийн загварын ертөнцийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн нэг, Vogue сэтгүүлийн эрхлэгч Анна Винтур 37 жилийн дараа албан тушаалаасаа бууж, шинэ үеийн залуу эрхлэгчдэд зайгаа тавьж өглөө. Тэрээр 75 нас хүрч буй энэ жилээ уг шийдвэрээрээ мөнхөллөө.

Винтур сэтгүүлийн эрхлэгчийн албаа хүлээлгэн өгсөн ч Vogue сэтгүүлийн олон улсын салбаруудыг удирдах шинэ албан тушаалд томилогдож, толгой компани болох Conde Nast-ын контент хариуцсан ахлах ажилтнаар үргэлжлүүлэн ажиллахаар болжээ.

Анна Винтур 1949 онд Их Британийн Лондон хотод төрсөн бөгөөд ээж нь Америк, аав нь Evening Standard сонины эрхлэгч байсан сэтгүүлч байв. Загварын сэтгүүлзүйд ажиллах хүсэл нь өсвөр насанд нь бүрэлдэж, улмаар мөрөөдлөө биелүүлэхээр АНУ-д ирж, хос иргэншилтэй болсон.

Тэрээр 1988 оноос Америкийн Vogue сэтгүүлийн эрхлэгчээр томилогдон ажилласан бөгөөд тэр үеэс хойш тус сэтгүүлийг дэлхийд тэргүүлэгч загварын хэвлэл болгон өөрчилсөн гавьяатай. Винтурын ажлын хамгийн онцлох шинэчлэл нь нэрд гараагүй залуу модель, дизайнеруудыг нээн илрүүлж, дэмжсэн явдал юм. Мөн өндөр үнэтэй тансаг загваруудыг энгийн, хямд загваруудтай хослуулснаар загварын салбарт цоо шинэ хэв маягийг авчирсан гэж үнэлэгддэг.

2017 онд Их Британийн хатан хаан II Элизабет түүнийг “Дэйм” цол хэргэмээр шагнасан нь түүний загварын салбарт оруулсан хувь нэмрийг албан ёсоор үнэлсэн явдал байв.

Сэтгүүлийн эрхлэгчийн ажлаа өгч буйгаа албан ёсоор зарлахдаа Винтур: “Шинэ санаа, шинэ хандлагыг урамшуулж, дараагийн үеийн залуу эрхлэгчдийг дэмжих цаг иржээ” хэмээн мэдэгджээ. Түүний энэхүү шийдвэрийг Conde Nast компанийн албан ёсны хуудсанд нийтэлсэн байна.

Vogue сэтгүүлд шинэ өнгө төрх, шинэлэг хандлага авчирсан Анна Винтур 1995 оноос хойш Нью-Йоркийн нэр хүндтэй Met Gala арга хэмжээг амжилттай зохион байгуулж, хандив босгох ажилд идэвхтэй оролцож иржээ.

Түүний хатуу чанд арга барил, өндөр шаардлагатай зан араншинг алдарт “Чөтгөрүүд Прада өмсдөг” кинонд гардаг Миранда Приестлигийн дүртэй жишиж ярьдаг. Уг киноны зохиолыг Винтурын хуучин туслах, Америкийн зохиолч Лорен Вейсбергер бичсэн гэдэг.

You may also like

Сэтгэгдэл үлдээх