Хятадын тоглоомын томоохон үйлдвэрлэгч “Pop Mart” компани энэ оны эхний хагасын орлогоо гурав дахин өсгөсөн эерэг үзүүлэлттэйгээр хаахаар байна. Энэ өсөлтийн гол шалтгаан нь тус компанийн үйлдвэрлэдэг «Labubu» хүүхэлдэй дэлхий даяар, тэр дундаа АНУ-д асар их эрэлттэй болоод буйтай холбоотой.
“Pop Mart”-ийн зах зээлийн үнэлгээ өдгөө 40 тэрбум ам.долларт хүрч, хэрэглэгчид дэлгүүрийн гадаа хэдэн цагийн дараалалд зогсох болтлоо эрэлт нь тэсрэлт хийсэн байна.
«Labubu» хүүхэлдэй нь анх 2019 онд худалдаанд гарсан бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхий даяар 2000 гаруй автомат машин, албан ёсны дэлгүүрээр дамжуулан борлуулагдаж байна. Тэдгээрийг ихэвчлэн “сохор хайрцаг” буюу нууц баглаа боодолтойгоор худалдаалдаг. Энэ нь хэрэглэгч худалдан авсан хайрцгаа онгойлгох хүртэл дотор нь яг ямар төрлийн хүүхэлдэй байгааг мэдэхгүй байдлаар бүтээгдсэн бөгөөд энэ маркетингийн аргачлал нь зарим шүүмжлэгчийн зүгээс “мөрийтэй тоглоомын” шинжтэй гэж харагдаж байгаа юм.
2020 оноос “Pop Mart” компани Хонконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалж эхэлсэн бөгөөд өнгөрсөн жил л гэхэд зах зээлийн үнэлгээ нь бараг 600 хувиар өсчээ.
Хөрөнгийн судалгааны “M Science” компанийн мэдээлснээр, зөвхөн АНУ-д 2024 оны зургадугаар сард “Labubu”-ийн борлуулалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5000 хувиар нэмэгджээ. Үүний улмаас тухайн хүүхэлдэйний үнэ анхны 10 ам.доллароос хэдэн зуу хүртэл ам.доллараар өссөн байна.