Нүүр хуудас УрлагЧ.Мишээл яагаад уртын дууг орчин үеийн бүтээлд заавал шингээхээр шийдэв

Ч.Мишээл яагаад уртын дууг орчин үеийн бүтээлд заавал шингээхээр шийдэв

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Казахстан улсад зохион байгуулагдсан олон улсын “Silk Way Star” уралдаанаас “Гран при” хүртсэн дуучин Ч.Мишээл өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, уралдаанд оролцсон явц, уран бүтээлийн чиг баримжаа, цаашдын төлөвлөгөөгөө хуваалцлаа.

ГХЯ соёлын дипломат ажиллагааны ач холбогдлыг онцлов

Хэвлэлийн хурлын үеэр ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваа “Монгол Улсын Төв Азийн орнууд руу чиглэсэн бодлого сүүлийн он жилүүдэд идэвхжиж байгаа. Соёлын дипломат харилцаа бол ард иргэдийн хоорондын ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх чухал алхам юм. Тийм ч утгаар “Silk Way Star” уралдаанаар Монголын соёл, урлагийг Казахстан улсад, Төв Азид бүс нутгийн хэмжээнд таниулахад чухал алхам болсон. Иймд соёлын дипломат ажиллагааг хэрэгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлчдээ баярлалаа” гэв.

Менежмент, хэв маяг: язгуур урлаг ба электроник хослол

Дуучин Ч.Мишээлийн менежер түүнтэй 2022 оны сүүл үеэс хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд Ч.Мишээл Монголын язгуур урлагийн өнгө аясыг бусад төрлийн хөгжим, тэр дундаа электроник чиглэлтэй уялдуулсан хэв маягаар уран бүтээл туурвидаг гэж танилцуулав. Энэ төрлөөрөө олон бүтээл бэлэн боловч одоогоор бүрэн цацагдаагүй уран бүтээлүүд ч байгаа аж.

Ч.Мишээл: уртын дуу хаана ч дуулсан хүний сэтгэлийг татдаг

Дуучин Ч.Мишээл “Эхний шатанд би өөрийн “Бундан улаан” гэх дуугаа дуулсан. Уг дуунд уртын дууны элемент орсон байдаг. Тэр үеэс эхлээд Монгол элементтэй дуулалтыг дуулж эхэлснээр шүүгчид болон бусад оролцогчид “Заагаад өгөөч, би дуулж чадах болов уу” зэргээр их сонирхож эхэлсэн. Мэдээж хэрэг Монгол уртын дууг хаана ч дуулсан маш сонирхолтой, хүний сэтгэлийг татах увдистай, маш гайхалтай урлаг учраас уран бүтээлдээ заавал шингээх ёстой гэдгээ мэдэж байсан.

Тэмцээний үеэр ч гэсэн уртын дуу дуулах үед хүмүүс маш их гайхширч байгаа харц нь харагддаг. Тийм ч учраас хэрэв би сүүлийн шатандаа шалгарч чадвал маш гоё уртын дууны элементтэй дууг заавал дуулна гэж бодсон.

Энэ шагналыг хүртэхэд шүүгчдээс гадна дэлхий даяар оршин сууж буй монголчууд болон Казахстаны ард түмэн өөрсдийн ахан дүүс гэж боддог шигээ намайг хайрлаж, маш их дэмжсэнд баяртай байгаа.

Тэмцээнд оролцоход Дуучин Б.Сарантуяа эгчийн “Тэмцээнд оролцож байгаа нь хангалттай том зүйл учраас өөрийгөө харуулаарай” зэргээр дэмжиж байсан нь миний сэтгэлзүйг маш тогтвортой байлгасан. Түүнчлэн би энэ тэмцээнд ээжтэйгээ хамт явсан. Маш хүчтэй багтай явсан” гэв.

Төгсөлт, төрийн шагнал, казах хэл дээрх шинэ дуу

Ч.Мишээл энэ хавар уртын дууны мэргэжлээр Цогтсайхан багшийн удирдлага дор төгссөн байна. Мөн түүнийг Казахстаны Засгийн газраас Хоёрдугаар Найрамдлын одонгоор шагнасан бөгөөд уг шагнал нь найрамдал, соёлын утга агуулгатай, Монгол Казахстан хоёр улсын нүүдэлчдийн эв нэгдлийг бэхжүүлсэнд нь зориулан гардуулсан гэж мэдээллээ. Түүнчлэн Ч.Мишээл казах хэл дээрх дуугаа бичүүлж, клипээ хийж дуусгасан бөгөөд тун удахгүй цацагдана гэсэн байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх