Шүүх дээр HYBE-гийн тавьсан гол маргаан
ADOR-ын хуучин гүйцэтгэх захирал Мин Хи Жинийг NewJeans-ын хөгжмийн продакшнтай холбоотой гэрээгээр хуучин найз залуудаа хэт давуу нөхцөл олгосон гэх үндэслэлээр буруутгаж байна. Энэхүү асуудлыг 18-нд Сөүлийн төв дүүргийн шүүхэд хэлэлцэж, HYBE болон Мин Хи Жин нар хувьцаа эзэмшигчдийн гэрээг цуцлах, хувьцаа худалдах эрхийг гэрээ хэрэгжүүлэхтэй холбоотой маргааны хүрээнд шүүх хуралд оролцсон байна.
HYBE-ийн зүгээс Мин Хи Жин тухайн үед романтик харилцаатай байсан, NewJeans-ын хөгжим дээр ажиллаж байсан BANA компанийн тэргүүн Кимтэй “ер бусын таатай” гэрээ байгуулсан гэж маргажээ.
HYBE: Төлбөр ба урамшууллын нөхцөл “урьд өмнө байгаагүй”
Шүүхэд танилцуулсан мэдээллээр ADOR нь BANA-д:
- сар бүр 33 сая вон (ойролцоогоор 22,000 ам.доллар) төлөх,
- нэмэлт хөдөлмөрийн хөлс олгох,
- цомгийн нийт орлогын 5 хувьтай тэнцэх урамшуулал өгөх
нөхцөлтэй гэрээ байгуулсан гэж дурдсан байна.
HYBE 2022 онд BANA нь NewJeans-ын бүх гишүүдэд төлсөн нийт төлбөрөөс “ойролцоогоор хоёр дахин их” хэмжээний үйлчилгээний төлбөр авсан гэж мэдэгдсэн бөгөөд тухайн жилд ADOR үйл ажиллагааны алдагдал хүлээсэн гэж тайлбарлажээ.
HYBE-ийн хуулийн баг дотоод имэйлүүддээ энэ гэрээг “урьд өмнө байгаагүй” гэж тодорхойлсон, мөн Кимийн нөхөн төлбөр нь Мин Хи Жиний өөрийн цалингаас давж, салбартаа хамгийн өндөрт тооцогдох хэмжээнд хүрсэн гэж тэмдэглэсэн гэж мэдэгджээ. Мөн уг гэрээнд ТУЗ-ийн зөвшөөрөл авсан эсэх асуудлыг HYBE шүүх дээр хөнджээ.
Гэрээний шинэчлэл урамшууллыг нэмэгдүүлнэ гэж HYBE үзэв
Шүүх дээр гэрээг Кимийн талд дахин шинэчилсэн гэх мэдээлэл мөн дурдагдсан байна. Тухайлбал, цомгийн орлогын 5 хувийн оронд:
- өмнөх цомгуудыг оролцуулан нийт цомгийн борлуулалтын 3 хувийг авах
өөрчлөлт туссан гэж сонссон байна.
HYBE энэ өөрчлөлт нь жилийн урамшууллыг 400 сая воноос 1 тэрбум вон (ойролцоогоор 271,000–680,000 ам.доллар) хүртэл нэмэгдүүлэх боломжтой гэж маргажээ. Мөн шинэчилсэн нөхцөлөөр Ким бодит ажил хийлгүйгээр ч өндөр төлбөр авах эрсдэлтэй гэж үзсэн байна.
Мин Хи Жин: Давуу эрх олгосныг үгүйсгэв
Мин Хи Жин харилцаа болон гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн ч давуу эрх олгосон гэдгийг няцааж, хэлэлцээр нь Кимийн чадварт суурилсан, салбарын стандартад нийцсэн гэж мэдэгдсэн байна.
ТУЗ-ийн зөвшөөрлийн тухай асуултад тэрээр эхэндээ зөвшөөрөл авсан гэж хэлээд, дараа нь HYBE-ийн хуучин гүйцэтгэх захирал амаар зөвшөөрсөн гэж үзэж байгаагаа хэлж, эцэст нь санахгүй байгаагаа мэдэгдсэн гэж тайлбарлагджээ.
Мөн Мин Хи Жин Кимтэй боломжит хувьцаа худалдааны орлогыг хуваалцах шийдвэрийг хувийн харилцаатай холбохыг үгүйсгэж, “чадварлаг продюсерыг шударгаар шагнах” зорилготой байсан гэж мэдэгдэв.