Засгийн газар ойг зохион байгуулах ажлын хэсгийг батлав
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Их эзэн Чингис хааны үүсгэн байгуулсан Их Монгол Улсын 820 жилийн ой 2026 онд тохиож байгаатай холбогдуулан ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг удирдан зохион байгуулах үүрэгтэй ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталжээ.
Түүх, соёлыг өргөн хүрээнд сурталчилж, баяр наадмын хөтөлбөрт тусгана
Тус ойг тохиолдуулан Их Монгол Улсын түүхийг улс орон даяар өргөн дэлгэр сурталчлах, нас насныханд зориулсан тусгай үйл ажиллагаа зохион байгуулах, Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт ойг товойлгон харуулах агуулга, үзэл санааг тусган хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Мөн Их Монгол Улсын түүх, соёлтой холбоотой мэдээллийг дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан олон улсад сурталчлах ажлыг хийхээр тусгажээ.
Ажлын хэсгийг Шадар сайд Х.Ганхуяг ахална
Ойг зохион байгуулах ажлын хэсгийг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Х.Ганхуягаар ахлуулан байгуулсан бөгөөд бүрэлдэхүүнд Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, яам, агентлаг, төрийн бусад байгууллагын төлөөллийг оролцуулсан байна.