Мягмар, 10 сар 27, 2026
Нүүр хуудас K-dramaЖан Хёг Монголын 10 мянган морьтны домогт жагсаалд баатрын дүрээр мордоно

Жан Хёг Монголын 10 мянган морьтны домогт жагсаалд баатрын дүрээр мордоно

0 сэтгэгдэлүүд

“Дэлхийн адууны өдөр” Монголд анх удаа дэлхийтэй хамт тэмдэглэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдөр”-ийн тухай тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэмжиж баталснаар адууны соёлыг дэлхийн түвшинд тэмдэглэх шинэ уламжлал үүсэж байна. Тогтоолын дагуу энэхүү өдрийг жил бүр долоодугаар сарын 11-нд тэмдэглэх бөгөөд анхны тэмдэглэл нь адууны эх орон Монголд болж өнгөрөхөөр төлөвлөгдөөд байна.

Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан Улаанбаатар хотын ойролцоох Хүй долоон худагт томоохон хэмжээний олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд 10 мянган морьтны ёслолын жагсаал тэдгээрийн гол цөм болно. Арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийг Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг ахалж, үндэсний уламжлал, морьдын соёл, орчин үеийн шийдлийг хослуулсан хөтөлбөр боловсруулах дээр ажиллаж байна.

“Сэргэлэн охин Янсун”-ы Хан Китэй Монголын талд мянгатын баатраар мордоно

Дэлхийн адууны өдөрт зориулсан 10 мянган морьтны жагсаалд Өмнөд Солонгосын нэрт жүжигчин Жан Хёг морьтон жагсаалаар оролцох нь албан ёсоор тодорхой болжээ. Тэр “Сэргэлэн охин Янсун” кинонд баян ноён Хан Китэйгийн дүрээр гарч, Монголын үзэгчдэд танил болсон бөгөөд олон жил өнгөрсөн ч түүний дүр санагалзсан хэвээр байдаг.

Жан Хёг Монголд анх 16 жилийн өмнө айлчилж байсан бөгөөд сүүлийн жилүүдэд манай улсад дахин дахин ирсэн гадаад оддын нэг юм. Тэрбээр 2023 онд “Хүргэлт ирлээ” шоуны хүрээнд, 2025 онд K-Mega тоглолтод оролцохоор Монголд ирж байсан. Харин энэ удаад тэр жүжигчинээс гадна морьт баатрын дүрээр, мянгатын баатарын байр сууринаас 10 мянган морьтон дунд хүндтэй байр эзэлж жагсах төлөвтэй байна.

Нүүдэлчдийн адууны соёл дэлхийн морьтнуудыг Монголд нэгтгэнэ

Эрт цагаас адууны соёлоо амьдралын хэв маяг, нүүдэлчдийн ахуйтайгаа салшгүй холбож ирсэн Монголын хувьд “Дэлхийн адууны өдөр” нь зөвхөн бэлгэ тэмдэг төдий биш, харин адууны соёлоо олон улсад бүр ч тод харуулах том боломж болж байна. Түүхэн уламжлал, морин соёл, нүүдлийн хэв шинжийг нэгтгэсэн 10 мянган морьтон жагсаал бол дэлхийн морьт соёлын төвийг богино хугацаанд Монгол руу шилжүүлэхүйц цар хүрээтэй үйл явдал гэж үзэж болно.

Энэхүү жагсаалд Жан Хёгоос гадна өөр тив, бүс нутгаас ирсэн олон улсын танигдсан зочид оролцож, “морины элч”, адууны соёлын төлөөлөгчийн дүрээр мориороо зэрэгцэн жагсах юм. Энэ нь зөвхөн Монголын төдийгүй дэлхийн олон орны соёл, урлаг, спорт, медиа ертөнцийн түүхэнд тэмдэглэгдэх, адууны соёлын үнэ цэнийг дахин сануулах онцгой өдөр болох хүлээлтийг нэмэгдүүлж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх