Поп од Рианна Беверли Хиллс дэх гэртээ байх үед нь буудлага болсон талаар цагдаагийн байгууллага мэдээлжээ. Ням гарагт нэгэн эмэгтэй автомашин дотроосоо Рианнагийн харш руу хэд хэдэн удаа буудсан бөгөөд сумны нэг нь байшингийн хананд туссан байна.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр 13:21 цагт буудлагын дуудлага ирсний дараа алба хаагчид очиж, 30 настай эмэгтэй сэжигтнийг баривчилжээ. Эх сурвалжийн хэлснээр буудлага болох үеэр Рианна гэртээ байсан байна.
Радио мэдээллээр харшийн хаалганы эсрэг талд зогсож байсан машинаас “ойролцоогоор 10 удаа буудсан” гэж тэмдэглэсэн бөгөөд буудлагын дараа цагаан өнгийн Tesla машин өмнө зүгт зугтсан байна. Аз болж энэ хэрэгт хүн бэртэж гэмтээгүй гэжээ.
Гэрчийн өгүүлснээр сэжигтэн үсээ сүлжсэн, цайвар бор өнгийн цамц өмссөн байсан байна. Цагдаа нар тухайн автомашиныг олж хараад нэгэн худалдааны төвийн зогсоол хүртэл дагаж очсон бөгөөд 911 дуудлага ирснээс хойш ойролцоогоор 30 минутын дараа сэжигтнийг саатуулсан гэж мэдээлжээ.