Продюсерын төрсөн өдөр шүүмжлэлийн дараахан болж өнгөрөв
Дуучин Селена Гомес нөхөр, хөгжмийн продюсер Бенни Бланкогийн 38 насны төрсөн өдрийг тэмдэглэн үдэшлэг зохион байгуулжээ. Түүний төрсөн өдөр гуравдугаар сарын 8-нд тохиосон бөгөөд энэ үеэр хосын гэр бүлтэй холбоотой шуугиан цахим орчинд үргэлжилж байсан юм.
Төрсөн өдрийн баярыг Лос Анжелес хотын Los Candiles клубт тэмдэглэсэн байна. Селена Гомес тухайн үдэш Instagram сторидоо зургууд нийтэлж, баярын уур амьсгалыг харуулжээ.
Үдэшлэг ковбойн хэв маягаар болжээ
Селена Гомес нийтэлсэн зургууд дээрээ богино жинсэн шорт болон ковбой гутал өмссөн байв. Тэрээр нөхөртөө зориулан “Төрсөн өдрийн мэнд хүргэе, ковбой минь” гэж бичсэн нь үдэшлэг ковбой сэдэвтэй байсныг илтгэжээ.
Мөн тэр өдөр дуучин нөхөртэйгөө хамт авахуулсан архивын зургуудыг нийтэлж, сэтгэлийн үгээ илэрхийлсэн байна.
“Төрсөн өдрийн мэнд хүргэе, миний хайр. Би чамайг бүх зүрхээрээ хайрладаг” гэж Селена бичжээ.
Харин Бенни Бланко сэтгэгдэл хэсэгт нь хариу бичихдээ:
“Чи бол миний мөрөөдөж байсан хамгийн сайхан төрсөн өдрийн бэлэг” гэжээ.
Подкастын бичлэгийн дараа шүүмжлэл нэмэгдсэн
Хосуудын талаархи маргаан хоёр долоо хоногийн өмнө Friends Keep Secrets подкастын шинэ дугаар гарсны дараа эхэлсэн байна.
Бичлэгийн үеэр Бенни Бланко камерын өмнө бохир хөлөө харуулж, мөн санаатайгаар муухай үнэр гаргасан тухайгаа хошигнон ярьжээ.
“Найзууд үүнийг анзаарах болов уу, харъя” гэж тэр камер руу хэлсэн байна.
Энэ бичлэгийн дараа сошиал сүлжээнд их хэмжээний шүүмжлэл гарч, зарим хэрэглэгч Селена Гомест хандан нөхрөөсөө салж, өөр хүнтэй байхыг зөвлөсөн сэтгэгдэл хүртэл бичжээ.
Селена Гомес нөхрөө ил тод дэмжжээ
Гэсэн хэдий ч Селена Гомес нөхрөө дэмжсэн хэвээр байсан. Подкастын дараагийн дугаарт тэрээр Бенни Бланкогийн хөлийг камерын өмнө үнссэн нь олон хүнийг гайхшруулсан юм.
Харин Бенни Бланко өөрийн байр суурийг тайлбарлахдаа:
“Би хөлөө бохир байхаас ичдэггүй. Би ихэвчлэн хөл нүцгэн явдаг. Юу ч хийдэггүй хүний хөл л цэвэр байдаг” гэж хэлжээ.
Хосууд өмнө нь ч шүүмжлэлд өртөж байсан
Бенни Бланко өмнө нь ч сошиал сүлжээнд шүүмжлэлд өртөж байв. Хосууд анх болзож эхлэх үед зарим хэрэглэгч продюсерийг Селена Гомесийн нэр хүнд, хөрөнгийг ашиглаж байна гэж буруутгаж байсан юм.
Гэсэн хэдий ч дуучин 2024 оны арванхоёрдугаар сард Бенни Бланкогийн гэрлэх саналд зөвшөөрсөн байна.
Хосууд 2025 оны есдүгээр сард Калифорни мужийн Санта Барбара дахь Sea Crest Nursery эдлэнд тансаг ёслолын үеэр хуримаа хийжээ.


