Тайландын алдарт загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай залуу насандаа энтертайнмент салбарын амжилттай карьераа орхиж, буддын ламын амьдралыг сонгосон нь олон нийтийн анхаарлыг татжээ.
Тэрээр 2025 оны гуравдугаар сард жүжигчин, загвар өмсөгчийн ажлаа зогсоож, шашны зам мөр хөөхөөр шийдсэн байна. Одоо Дом Австрали улсад Пуннадхам гэх сахилын нэрээр буддын сүмд шавилан сууж байгаа аж.
Тайланд, Австралийн холимог гаралтай тэрээр өдгөө 23 настай. Дом Печтамронгчай Тайландын энтертайнмент ертөнцөд идэвхтэй ажиллаж, загварын олон шоу, телевизийн бүтээлд оролцож байсан ч амьдралын хэв маягаа бүрэн өөрчлөх шийдвэр гаргажээ.
Түүний хэлснээр, өмнөх амьдрал нь ихээхэн дарамттай, эмх замбараагүй, эрүүл бус хэмнэлтэй болсон байна. Иймээс тэрээр сэтгэл зүйн амар амгалан, амьдралын жинхэнэ зорилгоо олохын тулд лам болох замыг сонгосон гэж тайлбарлажээ.
Дом Печтамронгчай өөрийн амьдралыг “их стресс, эмх замбараагүй, эрүүл бус амьдралын хэв маягтай” болсон гэж үзсэн байна.
Гэсэн ч тэрээр энэ шийдвэрээ заавал насан туршийн сонголт гэж тодорхойлоогүй аж. Домын хэлснээр, ламын амьдрал нь түр хугацааны байж болох бөгөөд ирээдүйд өөр салбарт үргэлжлүүлэн ажиллах боломжтой гэжээ.
Залуу нас, алдар нэр, карьерын өсөлтөө орхиод буддын сүмд амьдрах болсон түүний шийдвэр Тайландын олон нийтийн дунд хүчтэй яригдаж байна. Дом Печтамронгчайгийн энэ алхам нь нэр алдраас илүү дотоод амар амгаланг сонгосон гэнэтийн өөрчлөлт хэмээн олон хүний анхаарлыг татжээ.