Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесАманда Пит хөхний хорт хавдрын I үе шатанд оношлогдож, хагалгаанд оржээ

Аманда Пит хөхний хорт хавдрын I үе шатанд оношлогдож, хагалгаанд оржээ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Жүжигчин Аманда Пит хөхний хорт хавдрын эхний үе шатанд оношлогдсон тухайгаа хуваалцаж, энэ нь эцэг эхийнх нь амьдралын сүүлийн мөчүүдтэй давхацсан хүнд үе байсан талаар өгүүлжээ.

Онош тодорхой болсон нь

АНУ-ын Page Six хэвлэлийн мэдээлснээр, тэрээр The New Yorker сэтгүүлд бичсэн нийтлэлдээ өнгөрсөн намар оношлогдсон тухайгаа дурдсан байна. Тэрээр “Би удаан хугацаанд хөхний нягт эдийн оноштой байсан бөгөөд тогтмол шинжилгээ өгдөг байсан” хэмээгээд “Хөдөлмөрийн баярын өмнөхөн энгийн үзлэг гэж бодоод эмнэлэгт очсон” гэжээ.

Гэвч хэт авиан шинжилгээгээр сэжигтэй өөрчлөлт илэрч, байдал огцом өөрчлөгдсөн байна. Тэрээр “Эмч биопси авч, дээжийг шууд лабораторид хүргэнэ гэж хэлэхэд би юу болж байгааг ойлгосон” хэмээн дурссан бөгөөд маргааш нь шинжилгээний хариу гарч, хавдар жижиг хэмжээтэй ч MRI шинжилгээ шаардлагатай болсон байна.

Гэр бүлийн хүнд нөхцөл давхцав

Энэхүү оноштой зэрэгцэн түүний эцэг эх хоёр өөр өөр газарт “хоспис” буюу хөнгөвчлөх эмчилгээнд байсан нь нөхцөл байдлыг улам хүндрүүлжээ. Тэрээр “Салсан эцэг эх маань өөр өөр бүс нутагт хөнгөвчлөх эмчилгээнд байсан. Ээж маань тэнд хэдэн сар болж байсан бол аавын маань бие гэнэт муудсан” гэж хэлсэн байна.

Мөн “Би Нью-Йорк руу яаран явсан ч аавынхаа сүүлчийн мөчид дэргэд нь байж чадаагүй” хэмээн харамсаж буйгаа илэрхийлжээ.

Эмчилгээ болон хагалгаа

Лос-Анжелест буцаж ирснийхээ дараа тэрээр хөхний хорт хавдрын I үе шаттай, дааврын рецептор эерэг, HER2 сөрөг гэсэн онош авсан байна. Тэрээр “Оношоо сонсоод нэг хэсэг тайвширсан ч удалгүй дахин айдас төрсөн. Хорт хавдрын онош нэг дор дуусдаггүй, аажмаар маш хүндээр мэдрэгддэг” гэжээ.

Дараагийн нарийвчилсан шинжилгээгээр өөр нэгэн хоргүй хавдар илэрсэн бөгөөд тэрээр хэсэгчилсэн мастэктоми (хөхний хавдартай хэсгийг авах) хагалгаа хийлгэж, дараа нь туяа эмчилгээнд хамрагдсан байна.

Эхийнхээ сүүлчийн мөчийг дурсав

Аманда Пит эхийнхээ амьдралын сүүлийн мөчийг дурсан “Морфин нөлөөлөхгүй шаналж байх үед нь намайг харж чадахаар орон дээр нь гарч очсон. Бидний харц тулгарахад тэр тайвширч, хэсэг хугацаанд бие бие рүүгээ чимээгүй ширтэлцсэн” хэмээжээ.

Жүжигчин Сара Полсон түүний нийтлэлийг дэмжиж, “эцэг эхээ алдах гуниг болон хорт хавдрын оношийг зэрэг даван туулсан тухай хамгийн сайхан бичвэр” хэмээн үнэлсэн байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх