Украины анхны озэкигийн замналаар кино бүтээнэ
Сүүлийн Кюүшюү башёд түрүүлж, Украины түүхэнд анхны озэки цолтон болсон Аонишикигийн амьдрал, замналыг дэлгэцэнд мөнхлөхөөр Францад кино хийхээр болжээ. ОХУ-ын довтолгооны дараа тэр 18-хан настайдаа Японыг зорьж, ердөө гурван жил долоон сарын дараа Эзэн хааны цомыг өргөсөн нь өөрөө киноны сценарийг санагдуулам түүх болсон. Харь орны үндэсний бөхийг сонгон, ёкозүна цолыг онилон зүтгэж буй Аонишикийн тухай энэхүү кино 2027 онд үзэгчдийн хүртээл болно.
“Мөрөөдөл үхдэггүй” цувралын дараагийн бүлэг
Киноны нэрийг “HOPE 2ème opus des rêves ne meurent jamais” хэмээн өгчээ. Франц хэлнээс орчуулбал “мөрөөдөл хэзээ ч үхдэггүй, үргэлжилсээр байдаг” гэсэн утгатай. Уг цувралын эхний кинонд Францын дарвуулт завинчуулын төлөөлөл Яник Беставены түүхийг өгүүлж байсан бол одоо дараагийн бүлэг нь сүмогийн дэвжээн дээр мөрөөдлөө бичиж буй Аонишикид зориулагдаж байна.
Киноны эхлэлд Аонишики өөрийн сонголтын тухай хүүрнэх үе гарна. Тэр “Японд очно гэж би өөрөө шийдсэн. Ирээд нэг ч удаа хэцүү байна, больё гэж бодож байгаагүй. Өөрийн сонгосон замаараа ухрахгүй урагш явна” хэмээн ярьсан нь бүтээлийн гол санааг тодотгох үндсэн мессеж болжээ.
Сүмо дэлхийд шинэ өнцгөөр гарах нь
Сүмо бөхийн тухай баримтат бүтээлүүд Японд байсаар ирсэн ч гадаад оронд, тэр дундаа Европт хийгдсэн кино өмнө нь байгаагүй гэдгээрээ энэ төсөл онцлогтой. Ирэх оны зургаадугаар сарын 13–14-нд Парист сүмо бөхийн аялан тоглолт болох бөгөөд Парис башёгийн гол төвд Аонишики өөрөө байх юм. Ийнхүү сүмогийн дэвжээ, Аонишикигийн тэсвэр, мөрөөдөл, тэмцлийг нэгэн зэрэг Парисын тайзнаа болон дэлгэцээр олон улсад таниулах том боломж бүрджээ.