Нүүр хуудас Үйл явдал ба зарАрдын дуурийн од Э.Амартүвшин “Травиата”-гаар Улаанбаатарыг шуугиулна

Ардын дуурийн од Э.Амартүвшин “Травиата”-гаар Улаанбаатарыг шуугиулна

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

УДБЭТ “Травиата” дуурийг 2 дугаар сарын 7-нд тоглоно

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид ирэх хоёрдугаар сарын 7-нд Жузеппе Вердийн “Травиата” дуурийг тайзнаа толилуулах тов гаргасан байна. А.Дюмагийн “Камелийн цэцэгт хатагтай” романаас сэдэвлэн бүтсэн, 170 гаруй жилийн настай энэхүү дуурь нь дэлхийн шилдэг долоон дуурийн нэгээр нэрлэгддэг.

Энэ удаагийн тоглолтод Монголын нэрийг дэлхийн сонгодог урлагийн тавцанд хүчтэй цуурайтуулж яваа, дэлхийн хэмжээний баритон, Монгол Улсын Ардын жүжигчин Энхбатын Амартүвшин эх орондоо дуулж оролцоно. Түүний оролцоо нь “Травиата”-г монгол үзэгчдийн хувьд тайзны болон дуу хоолойн өндөр түвшний гүйцэтгэлтэйгээр дахин үзэх боломжийг нээж байна.

“Травиата”-гийн нэршил, анхны тавилт, үеийнхээ хязгаарлалтууд

“Травиата” дуурь анх зохиогдохдоо гол дүрийн нэрээрээ “Виолетта” хэмээн нэрлэгдэж байсан талаар эх сурвалжид дурддаг. Уг бүтээл 1853 онд Италийн Венец хотын “Ла Фениче” (La Fenice) театрын тайзнаа нээлтээ хийсэн бөгөөд цомнолыг нь Александр Дюмагийн “Камелийн цэцэгт хатагтай” зохиолын үйл явдал, сэдвийг үндэслэн Франческо Мариа Пьяве бичсэн байдаг.

Ж.Верди, Ф.М.Пьяве нар тухайн үеийн орчин цагийн амьдрал, нийгмийн уур амьсгалыг шууд тусгасан дуурь бүтээхийг хүсэж, зохиолын шугамыг өөрсдийн цаг үе рүү ойртуулан хувиргах зорилготой байсан ч “Ла Фениче” театрын захиалагч талаас үйл явдлыг өнгөрсөн зууны уур амьсгалд үлдээхийг хатуу шаарджээ. Үүний улмаас тус дуурь 1880-аад он хүртэл анхны санаанд нийцсэн бодит цаг үе, орчин нөхцлөө бүрэн илэрхийлж чадалгүй, түүхэн өнгө аястай хэвээр тоглогдож ирсэн түүхтэй.

Монголын тайзанд “Травиата”-гийн замнал: 1977 оноос шинэчилсэн найруулга хүртэл

Монголын тайзнаа “Травиата” дуурь 1977 онд анх удаа тавигдсан. Тухайн үед найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Ё.Цэрэндолгор, удирдаачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Жамсранжав, ерөнхий зураачаар Ардын зураач Ч.Гунгаасүх ажиллаж, дэлхийн сонгодог энэ бүтээлийг монгол үзэгчдэд анхлан бүрэн хэмжээтэйгээр хүргэж байв.

УДБЭТ-ын уран бүтээлчид 2015 онд Бүгд Найрамдах Солонгос Улсын найруулагч Ан Хо Воныг урьж, “Травиата” дуурийг шинэчилсэн найруулгаар дахин боловсруулан тайзнаа тоглосон. Шинэ хувилбарын тайзны шийдэл, чимэглэлийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Ганбаатар, хувцасны дизайныг Г.Оюун нар гардан бүтээсэн нь бүтээлийн дүр төрхийг шинэ үеийн үзэгчдэд ойртуулах чухал алхам болсон.

Ингэж “Травиата” дуурь олон зуун жилийн түүх, Вердигийн хөгжмийн драматургийг даган дэлхийн томоохон театруудаар аялахын зэрэгцээ Монголын тайзанд ч өөрийн гэсэн уламжлал, найруулагчдын өөр өөр үеийн уншлагатайгаар оршин тогтнож байгаа бөгөөд энэ удаад Ардын жүжигчин Э.Амартүвшингийн оролцоотой тоглолтоор дараагийн нэгэн томоохон хуудсаа нээх гэж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх