Америкийн дуучин Ашер саяхан өгсөн ярилцлагадаа хөгжмийн продюсер Шон Комббс буюу Диддигийн талаар эерэг байр суурь илэрхийлж, олон нийтийн анхаарлыг татлаа.
Дидди нь 2025 оны аравдугаар сард хүний наймаа болон хүчирхийлэлтэй холбоотой хэргээр буруутгагдан, одоогоор 50 сарын хорих ял эдэлж байгаа юм.
Forbes сэтгүүлд өгсөн ярилцлагын үеэр Ашер “Надад Шон Комббсын талаар хэлэх сөрөг зүйл алга” хэмээн онцолжээ.
Тэрээр 1994 онд уран бүтээлийн гараагаа эхлүүлж байхдаа Нью-Йорк хотод Диддитэй хамт амьдарч, түүний удирдлага дор ажиллаж байсан тухайгаа дурдсан байна. Энэ хугацаанд Дидди өөрт нь эерэг нөлөө үзүүлсэн ментор байсан бөгөөд олон нийтэд харагддаг дүр төрхөөс өөр хүн гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Ашер “Хүн бүр төгс биш. Түүний оруулсан хувь нэмрийг үгүйсгэж болохгүй. Түүний энэхүү хөгжмийн салбарт оруулсан хувь нэмэр үнэхээр их” хэмээн хэлсэн байна.
Мөн тэрээр Диддиг зөвхөн хөгжмийн салбарт төдийгүй бизнес, соёлын хүрээнд хип-хоп урсгалыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн, соёлыг бизнес болгон хөгжүүлж чадсан нэгэн хэмээн тодорхойлж, салбарын гол зүтгэлтэн гэж үнэлжээ.
Ашер ярилцлагынхаа үеэр Диддитэй холбоотой шүүхийн шийдвэр болон өмнө нь олон нийтэд цацагдсан хүчирхийллийн бичлэгүүдийн талаар шууд тайлбар хийгээгүй байна. Гэсэн ч түүний энэхүү байр суурь нь олон нийтийн дунд маргаан дагуулах магадлалтай гэж үзэж байна.