Булшинд очсон мөч ба эмгэнэлийн үг
Тайванийн ETtoday хэвлэл 3-р сарын 9-нд (орон нутгийн цагаар) мэдээлснээр, Барби Хсүгийн ээж охиныхоо булш байрладаг Чинь Бао Сан оршуулгын газарт очиж, үгүйллийн шаналлаа илэрхийлжээ. Нийтлэгдсэн зурагт тэрээр охиндоо зориулсан дурсгалын хөшөөний өмнө гараа хавсран зогсож, хөшөө рүү ширтэн гуниг, хайраа илтгэж буй нь харагдсан байна.
Тэрээр охиндоо хандан: “Миний хайртай үр минь. Цаг агаар сайхан байсан ч Чинь Бао Сан руу өгсөхөд гэнэт хүчтэй салхи, бороо орж эхэллээ. Миний зүрх яг л тэр мэт өвдөж байна” хэмээн бичжээ.
Фенүүдэд талархал, Кү Жүн-Ёпийн тухай товч шинэ мэдээлэл
Барби Хсүгийн ээж охиноо дурссаар буй хүмүүсийн тухай дурдаж: “Аз болоход олон фенүүд цэцэгтэйгээ ирсээр байна” гэж хэлээд талархлаа илэрхийлсэн байна.
Мөн тэрээр хүргэн хүү Кү Жүн-Ёпийн талаар: “Тэр ханиад хүрсэн ч өглөөний цайгаа бэлдээд надтай хамт өглөө бүр хооллодог. Би үнэхээр их талархаж байна” хэмээн ярьжээ.
Түүнчлэн Барби Хсүгийн хүүхдүүдийн талаар: “Хүүхдүүд эрүүл, амар тайван өсөж том болохыг би харж хамгаална. Хайртай шүү” гэж бичиж, үгээ тэнгэрт одсон охиндоо хандан үлдээсэн байна.
Хосын түүх, дурсгалын хөшөөний нээлт
Кү Жүн-Ёп, Барби Хсү нар 1990-ээд оны сүүлээр үерхэж байсан ч хожим тус тусын амьдралаа үргэлжлүүлсэн гэж мэдээлэгддэг. Харин 20 гаруй жилийн дараа дахин учирч, 2022 онд гэр бүл болсон нь олон нийтийн анхаарлыг татсан хайрын түүх болжээ.
Барби Хсү өнгөрсөн оны 2-р сард Японд аялж байхдаа томуугаар өвдөж, улмаар уушгины хатгалгааны хүндрэлээс болж нас барсан гэж мэдээлсэн байна. Түүнийг өөд болсноос хойш Кү Жүн-Ёп Чинь Бао Сан дахь булшинд нь бараг өдөр бүр очдог гэх мэдээлэл гарчээ.
Нас барсны нэг жилийн ой тохиосон 2-р сарын 3-нд Кү Жүн-Ёп өөрийн санаачилгаар хийлгэсэн дурсгалын хөшөөг оршуулгын газарт албан ёсоор байршуулсан гэж мэдээлэгдсэн. Тэрээр олон нийтийн сүлжээнд гунигаа илэрхийлж: “Биеэ арай ядан босгож, чамд таалагдах юу хийж болохоо бодоод, хоол бэлдэн баглаад Чинь Бао Сан руу жолоо залмагц, санан үгүйлэх нулимс минь тасралтгүй урсдаг” гэж бичсэн байна. Мөн “Дахин уулзахдаа үүрд хамт байя. Чамайгаа үнэхээр их санаж байна. Үхтлээ санаж байна” хэмээн нэмжээ.