Өмнөд Солонгосын уран бүтээлч BLOO Төв цэнгэлдэхийн тайзнаа гарна
Өмнөд Солонгосын алдарт уран бүтээлч BLOO Монголд болох “Super Concert 2026” тоглолтод оролцохоор болжээ. Энэ талаар тоглолтыг зохион байгуулагч “Эвандис” энтертайнмент албан ёсоор зарласан байна.
Ингэснээр “Super Concert 2026”-ийн уран бүтээлчдийн бүрэлдэхүүнд олон улсын нэр хүндтэй K-pop, хип хоп уран бүтээлчид нэмэгдсээр байна.
Jay Park болон LNGSHOT оролцох нь баталгаажсан
BLOO-оос гадна уг тоглолтод K-pop болон хип хоп ертөнцийн хамгийн алдартай соло уран бүтээлчдийн нэг, реппер Jay Park оролцох нь өмнө нь баталгаажсан.
Мөн LNGSHOT хамтлаг “Super Concert 2026”-ийн тайзнаа гарахаар болсон байна. Харин тоглолтод оролцох бусад уран бүтээлчдийн нэрийг зохион байгуулагчид одоогоор нууцалж байгаа аж.
Тасалбарын эхний шатнууд дуусжээ
“Super Concert 2026”-ийн тасалбарыг нийт таван шатлалтайгаар борлуулж байна.
Одоогоор:
- 165 мянган төгрөгийн тасалбар дууссан
- 185 мянган төгрөгийн тасалбар дууссан
- III шатны 195 мянган төгрөгийн тасалбар хязгаартайгаар худалдаалагдаж байна
Тасалбарын эрэлт өндөр байгаа тул дараагийн шатны борлуулалт эхлэхээс өмнө III шатны тасалбарууд ч хурдан дуусах төлөвтэй байна.
“Super Concert 2026” зургаадугаар сарын 20-нд болно
Олон улсын уран бүтээлчид оролцох “Super Concert 2026” тоглолт зургаадугаар сарын 20-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдана.
BLOO, Jay Park, LNGSHOT зэрэг уран бүтээлчид оролцох нь баталгаажсанаар уг тоглолт энэ зуны хамгийн их хүлээлттэй хөгжмийн арга хэмжээнүүдийн нэг болж байна.
