Өдгөө 62 настай жүжигчин Брэд Питтийн шинэ дүр төрх олон нийтийн анхаарлыг татаж, цахим орчинд идэвхтэй хэлэлцэгдэж байна. Түүнийг Амстердам хотод “Riders” киноны зураг авалтын үеэр папарацциуд дурандаа буулгажээ.
Шинэ зургууд дээр Питт урьд өмнөхөөсөө огт өөр төрхтэй харагдсан байна. Тэрээр сэгсийсэн үстэй, буурал сахалтай, хөмсгөндөө шархтай харагдсан нь олон хүнд ядарсан, нас нэмсэн мэт сэтгэгдэл төрүүлжээ. Нэгэн хэрэглэгч “Түүнийг танихад бэрх байна. Бага зэрэг бохир, сахал үсээ янзлаагүй энэ хүн 62 настай ч хүмүүсийг байлдан дагуулдаг тэр жүжигчинтэй огт адилгүй байна” гэж бичсэн бол өөр нэг нь “Энэ бол түүний ирэх 10 жилийн төрхийн хамгийн гунигтай хувилбар мэт санагдаж байна” хэмээн сэтгэгдэл үлдээжээ.
Гэсэн хэдий ч санаа зовох зүйлгүй аж. Жүжигчний энэ төрх нь киноны дүрд зориулсан нүүр будалт, гримийн үр дүн юм. Өнгөрсөн жил ч мөн адил тэрээр “Танигдахгүй болсон” гэх шүүмжлэлд өртөж, “Once Upon a Time in Hollywood” киноны үргэлжлэлд оролцох үеэр нь ботокс хэрэглэсэн гэх таамаг хүртэл гарч байсан.
Түүний нүүрэнд хийгдсэн байж болзошгүй гоо сайхны мэс заслын тухай таамаг ч үе үе гардаг ч одоогоор батлагдсан мэдээлэл байхгүй байна.
Хувийн амьдралын хувьд Брэд Питт одоогоор үнэт эдлэлийн дизайнер, фитнес дасгалжуулагч Инес де Рамонтой үерхэж байгаа. Тэрээр жүжигчнээс 29 насаар дүү бөгөөд тэд 2022 оноос хойш хамт байгаа билээ. Хосууд 2024 онд Их Британийн Гран-при тэмцээний үеэр анх удаа олон нийтийн өмнө хамтдаа гарч ирсэн.
Питт хайртай бүсгүйнхээ талаар эерэг сэтгэгдэлтэй байдаг ч гэрлэх санал тавих тал дээр яарахгүй байгаа аж. Үүний шалтгаан нь түүний Анжелина Жолитой хийсэн маргаантай салалт саяхан эцэслэсэнтэй холбоотой гэж үзэж байна.