Монголын рок поп урлагийн төлөөлөгч “Чоно” хамтлаг уран бүтээлийнхээ онцлох дуунуудыг багтаасан “Best of Chono” нэртэй хос пянзыг гаргалаа. Энэхүү пянзад хамтлагийн уран бүтээлийн замналд чухал байр суурь эзэлсэн нийт 21 дуу багтсан байна.
Шинээр гаргасан хос пянз нь хамтлагийн олон жилийн хөдөлмөр, уран бүтээлийн онцлох бүтээлүүдийг нэг дор эмхэтгэснээрээ онцлог бөгөөд сонсогчдод тэдний хөгжмийн өнгө төрх, хувьслыг илүү тод харуулах зорилготой аж.
“Best of Chono” хос пянзны албан ёсны нээлтийн арга хэмжээ дөрөвдүгээр сарын 17-ны 19:00 цагаас “On’n Off Production House”-т зохион байгуулагдана. Нээлтийн үеэр гурван цагийн турш үргэлжлэх амьд хөгжмийн тоглолт болох бөгөөд хамтлаг өөрсдийн хамгийн алдартай бүтээлүүдийг тайзнаа эгшиглүүлэхээс гадна өмнө нь хамтран ажилласан уран бүтээлчдийн дуунуудыг ч толилуулах юм.
Энэхүү тоглолт нь зөвхөн пянзны нээлт төдийгүй хамтлагийн уран бүтээлийг амьд хөгжимтэйгөөр мэдрэх боломжийг олгох онцгой арга хэмжээ болж байна.