Английн хөлбөмбөгийн домог Дэвид Бекхэм, дуучин Виктория Бекхэм нарын хоёр дахь хүү Ромео Бекхэм найз бүсгүй Ким Турнбуллын хамт Японд аялж, Токио хотын нэр хүндтэй “Тацүнами” дэвжээнд зочилжээ. Тэрээр өнөөдөр мэргэжлийн сумогийн оргил цолтон ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэнтэй уулзаж, дэвжээнийх нь танхимд дурсгалын зураг даруулсан байна.
Ромео Бекхэм сумогийн дэвжээнд
23 настай Ромео Бекхэм Токио хотод байрладаг “Тацүнами” дэвжээний бэлтгэлийн орчинтой танилцсан бөгөөд сумогийн соёл, тамирчдын өдөр тутмын амьдралыг ойроос харах боломжтой болсон байна. Тэрээр ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэнтэй хамт авхуулсан зургуудаа аяллынхаа бусад агшнуудын хамт олон нийтийн сүлжээндээ нийтэлснээр олны анхаарлыг татав.
Бекхэмийн гэр бүлийн маргаан, Ромеогийн өөр замнал
Сүүлийн үед Бекхэмийн гэр бүл өөр шалтгаанаар ч олны анхаарлын төвд ороод байна. Том хүү Брүүклин Бекхэм цахим хуудсаараа дамжуулан аав, ээжтэйгээ харилцаагаа тасалсан тухайгаа мэдэгдэж, цаашид зөвхөн хуульчаар дамжуулан харилцах байр сууриа илэрхийлсэн нь шүтэн бишрэгчдийг ихээхэн бухимдуулж, сониучирхахад хүргэсэн.
Харин хоёр дахь хүү Ромео эхэндээ эцгийнхээ замналыг даган спортын карьер хөөж байв. Тэр Английн “Арсенал” клубийн академид хөлбөмбөгчин болох замналаа эхлүүлж, дараа нь аавынх нь байгуулсан “Интер Майами” клуб руу шилжин тоглосон. Гэвч хөлбөмбөгийн замнал нь урт удаан үргэлжилсэнгүй, сүүлийн жилүүдэд тэр загварын салбар руу бүрэн анхаарлаа хандуулж, модель болон ажиллаж байгаа.
Хөлбөмбөгөөс загвар руу, харин одоо – сумогийн дэвжээнд
Ромео өнөөдөр спортын талбайгаас илүү дэвжээн дээр харагдах болсон ч Японд хийсэн энэ аялал нь түүнд спортын өөр нэг ертөнцийг, мянганы уламжлал, хатуу дэг журам, бие бялдар, сэтгэлзүйн өндөр сорилтыг хослуулсан сумогийн ертөнцийг биеэр мэдрэх боломж өгсөн гэж хэлж болно. Ёкозүна Хоошёорюүтэй уулзсан нь Монголын болон олон улсын спорт сонирхогчдын дунд богино хугацаанд ярианы сэдэв болжээ.