Орчин үеийн фанк урсгалыг үндэслэгчдийн нэг, “Sly and the Family Stone” хамтлагийн ахлагч, дуучин, хөгжимчин Слай Стоун (жинхэнэ нэр нь Сильвестр Стюарт) 82 насандаа таалал төгслөө. Гэр бүлийнх нь мэдээлснээр тэрээр уушгины архаг өвчний улмаас амьсгал хураасан байна.
Слай Стоун уран бүтээлийн гараагаа 1960-аад онд Сан Франциско хотын радио станцуудад DJ хийж эхэлсэн бөгөөд удалгүй төрсөн ахын хамт “Sly and the Family Stone” хамтлагийг байгуулжээ. Тус хамтлаг сүмийн дуу хөгжим тоглодог байсан ч яваандаа фанк, психеделик, хиппи-рок урсгалыг хослуулсан өвөрмөц хөгжимтэй болж, олон мянган сонсогчдод хүрсэн юм.
1967 онд гаргасан “Dance to the Music” дуу нь Биллбордын шилдэг поп дууны жагсаалтад 8-р байрт жагсаж, тэдний амжилтын эхлэл болсон. 1969 оны “Вүүдсток” хөгжмийн наадам болон “Summer of Soul” концертын тоглолтууд нь хөгжмийн түүхэнд тод мөр үлдээжээ.
1993 онд “Sly and the Family Stone” хамтлаг Рок-н-роллын Алдрын танхимд албан ёсоор мөнхлөгдөж, 2005 онд Слай Стоун “Грэмми”-гийн тайзан дээр дахин үзэгчидтэй уулзсан юм.
Гэр бүл нь түүнийг “Поп, фанк, рок хөгжмийн үндсийг шинээр тодорхойлсон шинийг санаачлагч, жинхэнэ анхдагч” хэмээн дурсан хүндэтгэл илэрхийлжээ.