Нүүр хуудас УрлагЭ.Амартүвшин дэлхийн шилдэг дуучдын эгнээнд багтлаа – Монгол дуурийн урлаг түүхэн амжилт үзүүлэв

Э.Амартүвшин дэлхийн шилдэг дуучдын эгнээнд багтлаа – Монгол дуурийн урлаг түүхэн амжилт үзүүлэв

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Монгол Улсын Ардын жүжигчин, Соёлын элч Э.Амартүвшин дэлхийн дуурийн урлагийн нэр хүндтэй “Opera World” цахим хуудсаас гаргасан шилдэг таван дуурийн дуучны жагсаалтад багтаж, дөрөвдүгээр байрт эрэмбэлэгджээ. Түүний өмнө ОХУ болон Германы дуурийн урлагийн төлөөллүүд бичигдсэн байна.

Э.Амартүвшингийн уран бүтээл, дуулах ур чадвар нь зөвхөн монгол түмний бахархал төдийгүй дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, өндөр түвшний авьяас болохыг олон улсын мэргэжилтнүүд, дуурийн шүүмжлэгчид үнэлжээ. Тэрээр дэлхийн хамгийн нэр хүндтэй театруудын тайзнаа уран бүтээлээ хүргэж, олон улсын үзэгчдийг байлдан дагуулсаар байна.

2025 онд Италийн алдарт “Арена Ди Верона” фестивалийн 102 дахь удаагийн тоглолтуудад оролцохоор уригдсан бөгөөд энэ хүрээнд тэрээр Ж.Вердийн “Набукко” дуурьт долоон удаа, “Аида”-д тав, “Реголитто”-д хоёр, “Травиата”-д гурван удаа дуулж, дэлхийн сонгодог урлагийн тайзнаа Монголын нэрийг дахин цуурайтуулах юм.

2009 оноос хойш сонгодог урлагт амжилттай уран бүтээл туурвиж буй Э.Амартүвшин 2011 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин, 2022 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Ардын жүжигчин цолоор шагнуулж байсан билээ.

Түүний олон улсын тэмцээнүүд дэх амжилтууд:

  • 2011 — П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XIV уралдаан, II байр, үзэгчдийн нэрэмжит шагнал
  • 2012 — Пласидо Домингогийн нэрэмжит “Operalia” уралдаанд түрүүлсэн
  • 2013 — Франциско Винасын нэрэмжит уралдаан, дэд байр, Оросын хөгжмийн зохиолчдын бүтээлийн шилдэг дуучны тусгай шагнал
  • 2015 — “BBC Cardiff Singer of the World” тэмцээний үзэгчдийн нэрэмжит шагнал
  • 2016 — “Seoul International Music Competition” уралдаанд III байр эзэлсэн

Эдгээр ололт амжилт нь түүнийг зөвхөн Монголын нэрийн хуудас бус, дэлхийн дуурийн урлагийн томоохон төлөөлөгчийн нэг болсныг гэрчилж байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээх