Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесЕва Мендес Райан Гослингийн “харь гарагийн өрсөлдөгч”-ийн талаар хошигножээ

Ева Мендес Райан Гослингийн “харь гарагийн өрсөлдөгч”-ийн талаар хошигножээ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

“Нөхрийн минь цорын ганц атаархлын өрсөлдөгч бол Роки”

Жүжигчин Ева Мендес нөхөр Райан Гослингийн “цорын ганц атаархлын өрсөлдөгч”-ийг олон нийтэд “илчилж”, түүнийг хошин ярианы сэдэв болголоо. Хамгийн сонирхолтой нь, энэхүү өрсөлдөгч нь бодит хүн бус харь гарагийн дүр юм.

Мендес саяхан нөхрийнхөө гол дүр бүтээсэн Project Hail Mary киноны сурталчилгааны бичлэгийн доор сошиал хуудсаараа “Түүнд би атаархаж байсан цорын ганц өрсөлдөгч бол … Роки” гэж бичжээ. Тэрээр үргэлжлүүлэн “Тэд хамтдаа маш их цагийг өнгөрөөсөн. Тэд бүр бөгж солилцсон. Юу болоод байна аа!” хэмээн тоглоом шоглоомоор нэмж бичсэн нь фенүүдийг ихэд хөгжөөсөн байна.

Amazon MGM Studios-ийн бүтээж буй Project Hail Mary кино нь хүн төрөлхтний мөхлийг зогсоох даалгавартай эрдэмтэн доктор Грейсийн тухай өгүүлдэг бөгөөд энэ дүрийг Райан Гослинг бүтээжээ. Тэрээр Роки нэртэй харь гарагийн биетэй хамтран ажиллаж, түүхийн гол цөм нь хэл, төрөл зүйлээсээ ялгаатай хоёр оршихуйн хооронд үүссэн онцгой, сэтгэл хөдлөл давамгай харилцаанд төвлөрдөг.

Гослинг өмнө нь Марго Робби, Эмма Стоун, Эмили Блант зэрэг Холливудын олон алдартай жүжигчинтэй хамтран ажиллаж байсан. Гэсэн ч Мендес энэ удаад бодит хамтран тоглогчдоос нь бус, нөхрийнх нь дэлгэцэн дээр “хамтрагч” болсон харь гарагийн дүрд хошин маягаар “хартай” байгаагаа илэрхийлсэн нь шүтэн бишрэгчдийг улам баясгасан.

Хувийн амьдралаа нууцалдаг хос, шинэ киноны нээлтийн хүлээлт

Ева Мендес, Райан Гослинг нар 2011 онд The Place Beyond the Pines киноны зураг авалтын үеэр танилцаж, удалгүй дотно харилцаагаа эхлүүлсэн. Тэд хоёр охинтой болсон бөгөөд 2022 онд хувийн хүрээнд хурим хийсэн гэж мэдээлэгддэг. Мендес олон нийтийн өмнө ярилцлага өгөхдөө гэр бүл, хүүхдүүдийнхээ өдөр тутмын амьдралыг аль болох нууц, нам гүм байлгахыг чухалчилдаг гэдгээ онцолдог.

Райан Гослинг ч мөн ярилцлага бүртээ Эва Мендесийн талаар хайр дүүрэн ярьдаг. Тэр нэгэнтээ “Эватай уулзахаасаа өмнө би хүүхэдтэй болох талаар хэзээ ч бодож байгаагүй” хэмээгээд, “Одоо бүх зүйл утга учиртай болсон” гэж нэмж хэлсэн байдаг. Хосууд “хамтрагч эцэг эх” хэмээн тодорхойлогддог бөгөөд зураг авалтын үеэр хүүхэд асрах үүргийг ээлжилж, нэг нь ажиллаж байх үед нөгөө нь гэр бүлдээ төвлөрөх зарчмаар амьдарч байгаагаа дурдсан.

Үүний зэрэгцээ, Гослингийн тоглосон Project Hail Mary кино 3-р сарын 20-нд нээлтээ хийхээр төлөвлөж байна. Доктор Грейс, харь гарагийн түнш Роки хоёрын өвөрмөц нөхөрлөл, тэдний хамтын авралын түүх нь үзэгчдийн сонирхлыг аль хэдийн татаж, нээлтийн өмнөх хүлээлтийг нэмэгдүүлээд байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх