Нүүр хуудас Уран сайханГунигтай морь: Оёдлын нэг алдаа Хятадын ажилчдын сэтгэлийг дэлбэллээ

Гунигтай морь: Оёдлын нэг алдаа Хятадын ажилчдын сэтгэлийг дэлбэллээ

0 сэтгэгдэлүүд

Морин жил угтсан шинэ жилийн сувенир дундаас Хятадад үйлдвэрлэсэн нэгэн чихмэл тоглоом цахим сүлжээнд хүчтэй “тренд” болж, олон хүний сэтгэл зүй, ажлын ядаргааг илэрхийлэгч бэлгэ тэмдэг шиг болж эхэллээ.

Морин жилийн чихмэл алдаатай төрсөн түүх

Морин жилийн баярт зориулан “Happy Sisters” нэртэй компанид үйлдвэрлэсэн морины чихмэл анх энгийн баярын бүтээгдэхүүн байх ёстой байв. Гэвч үйлдвэрлэлийн явцад нэгэн оёдолчин морины амыг дүрсэлсэн шугамыг дээш нь биш, андуурч доош нь оёсон байна. Ингэснээр инээмсэглэж байх ёстой байсан морь гунигтай, шаналантай царайтай болж хувирчээ.

Энэ алдаатай хувилбар анхандаа үйлдвэрлэлийн доголдол мэт харагдсан ч зураг, бичлэгүүд нь сошиал сүлжээнд тавигдсаны дараа олны анхаарлыг хүчтэй татаж, олон хэрэглэгч уг чихмэлийг “гуниг, ядаргааны морь” гэж нэрлэн тарааж эхэлсэн байна.

Алдаатай чихмэлийг зориуд дахин үйлдвэрлэж эхэлжээ

Сошиал дээр богино хугацаанд хурдацтай түгсний дараа үйлдвэрлэгчид “алдаатай” загвар борлуулалтад өндөр эрэлттэй болсныг анзаарч, уг гунигтай төрхтэй хувилбарыг зориудаар дахин их хэмжээгээр үйлдвэрлэх шийдвэр гаргажээ. Ингэснээр эхэндээ санамсаргүй гарсан оёдлын алдаа одоо албан ёсны загвар болон эргэн төрсөн байна.

“Гунигтай морь” – “996” ажлын дэглэмийн дүр төрх

Хятадын олон ажилтан уг чихмэлд өөрийн өдөр тутмын ядаргаа, дотроо нуусан бухимдал, сэтгэл гутралыг харж эхэлжээ. Улс орон даяар түгээмэл “9-9-6” хэмээх ажлын хэв маяг буюу өглөө 9-өөс орой 9 хүртэл, долоо хоногийн зургаан өдөр ажиллах дэглэм олон хүнийг туйлдуулж, сэтгэл санааны дарамтад оруулдаг гэж удаан хугацаанд шүүмжлэгдэж ирсэн.

Хонх зүүж, баяр ёслолын уур амьсгал илтгэмээр атлаа нүд, ам нь гунигтай дүр төрхтэй энэ морины чихмэл “баярын уур амьсгал дунд ч ажилчид жинхэнэ утгаараа амарч, аз жаргалтай байдаггүй” гэсэн дуугүй мессежийг илэрхийлж байна хэмээн цахим орчинд хэлэлцэгдэх болжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх