41 настай Хлои Кардашьян хуучин найз залуу Тристан Томпсоны (34) олон дахин урвасан явдлаас үүдсэн сэтгэлзүйн шархаа нээлттэй ярьж, гурав дахь хүүхдээ ганцаараа өлгийдөх хувилбарыг бодож эхэлснээ хэлсэн нь анхаарал татлаа.
Daily Mail-ийн мэдээлснээр тэрээр “Khloé In Wonder Land” подкастынхаа хамгийн сүүлийн дугаарт гурав дахь хүүхдийн талаар бодож буйгаа ил тод ярьжээ. Тэр “Боломжгүй гэж хэлэх дүрэм байхгүй” гээд “Хөлдөөгчид хадгалсан хэд хэдэн үр хөврөл бий. Охин Трууд нэг дүү хэрэгтэй гэж боддог” гэж хэлсэн байна.
Тэр мөн “Би үнэндээ ганцаараа жирэмслэлтийг эцэслэн хийх талаар бодож байна” гэж хэлснээр олон хүнийг гайхшруулжээ. Гэхдээ “сэтгэлзүйн хувьд үүнийг даах эсэхээ мэдэхгүй байна” гэж болгоомжтой нэмж хэлсэн байна.
“Татумтай холбоотой бүх үйл явц маш хүнд байсан” гэжээ
Түүний ингэж болгоомжлох болсон шалтгаан нь хүүхдүүдийнх нь эцэг, NBA-ийн тоглогч Тристан Томпсонтой холбоотой “урвалтын” түүхтэй шууд холбоотой гэж нийтлэлд дурджээ. Томпсон анхны хүүхэд Трууг төрүүлэхийн яг өмнөхөн урвасан нь олон нийтийг цочроож байсан. Дараа нь хоёр дахь хүүхэд Татумыг тээгч эхээр өлгийдөн авах үеэр Томпсон өөр эмэгтэйгээс хүүхэдтэй болсон нь ил болж, олон нийтийн бухимдал дахин дэгдсэн гэж мэдээлсэн байна.
Хлои энэ талаар “Татумтай холбоотой бүх үйл явц надад маш их сэтгэлзүйн шарх болсон” гэж хэлээд, хэрэв энэ удаа тээгч эхийн аргыг сонговол өмнөхөөс огт өөр, “цэвэр” мэдрэмжтэй туршлага байхыг хүсэж байгаагаа илэрхийлжээ. Мөн хэрэв үр хөврөл шилжүүлэн суулгах оролдлого амжилтгүй болбол “Бурхны хүсэл гэж хүлээн зөвшөөрнө” гэсэн тайван байр суурь гаргасан байна.
2022 оноос хойш ганц бие, хамтран эцэг эх байх хүндрэлээ хэлэв
Тэрээр 2022 оноос хойш ганц бие байгаа бөгөөд Томпсонтой хамтран хүүхдээ өсгөх явц амаргүй байдаг талаар ч ярьжээ. “Заримдаа би хүүхдүүдийг бүрэн утгаараа дангаараа өсгөж байгаа мэт санагддаг. Зарим зүйл дээр өөр хүнээс зөвшөөрөл авах шаардлага гарах нь хэцүү байдаг” гэж хэлж, ээж хүний бодит зовлон, бэрхшээлээ хуваалцсан байна.
Охиноо нэрлэх үеийн хөгжилтэй дурсамж
Мөн тэр анхны охин Труугийнхээ нэрийг сонгох үед болсон нэг явдлыг хөгжилтэйгээр ярьжээ. Тристан Томпсон “Game of Thrones” цувралын дүрийн нэрээр “Khaleesi” гэж нэрлэх санал гаргасан ч Хлои үүнийг эрс татгалзсан гэж дурдсан байна.