Алдарт жүжигчид Хён Бин, Сон Е Жин нар гэрлэхээсээ өмнө харилцаагаа хэрхэн нууцалж байсан тухай сонирхолтой түүхийг тэдний голфын дасгалжуулагч олон нийтэд ил болгожээ. Тэрээр хосын харилцааны талаар маш болгоомжтой байсан тул бүр өөрийн эхнэртээ хүртэл үнэнийг хэлж чадалгүй нууцлахад хүрсэн байна.
Нууц болзоог нь мэдсэн ч хэлж чаддаггүй байжээ
Энэ талаар алдарт дасгалжуулагч Им Жин Хан дурсахдаа, Сон Е Жин түүн дээр бүр энгийн хувцастай ч ирдэг байсан тухай ярьсан байна. Тэрээр “Сон Е Жин нэг удаа зураг авалтын талбай дээрээс ирлээ гээд шууд жинсэн өмд болон шаахайтай хүрээд ирсэн. Бид нэг цаг орчмын хугацаанд бэлтгэл хийснээс хойш олон жилийн турш түүнд хичээл зааж байна. Нэг өдөр тэр надад Хён Бинд ч бас хичээл зааж өгөөч гэсэн. Үүнээс хойш тэд байнга хамт ирж хичээл авдаг болсон” гэжээ.
Түүний ярьснаар, хосын харилцааг тэр үед маш цөөхөн хүн мэддэг байсан бөгөөд энэ нууцыг хадгалах нь амаргүй байжээ. Им Жин Хан “Эхнэр маань надаас Сон Е Жин, Хён Бин хоёр гэрлэх болов уу? гэж асуухад би түүнд “Чи чинь юугаа яриад байгаа юм бэ” гэж хэлж байснаа санаж байна. Үүнээс 20 орчим хоногийн дараа тэд гэрлэхээр болсон тухайгаа олон нийтэд зарлахад эхнэр маань намайг “урвагч” гэж дуудаж эхэлсэн” хэмээн ярьсан байна.
Тэдний зан чанар хүртэл төгс зохицдог гэжээ
Дасгалжуулагчийн хэлснээр, Хён Бин, Сон Е Жин хоёрын зан араншин хоорондоо маш сайн нийцдэг аж. Тэрээр “Тэднийг би нэгэндээ маш сайн тохирдог гэж бодож байна. Сон Е Жин нээлттэй, эршүүд талдаа бол Хён Бин илүү дуу цөөтэй, даруухан талдаа нэгэн” гэж онцолжээ.
Мөн тэдний хоорондын харилцаа гэрлэсний дараа ч хэрхэн өөрчлөгдсөнийг анзаарсан тухайгаа дурдсан байна. Им Жин Хан “Тэд болзож байхдаа нэгнийгээ Бин, Е Жин гэж дууддаг байсан бол гэрлэснийхээ дараа “хонгор минь”, “хайрт минь” гэж дуудах нь ихэссэн юм шиг санагдаж байна” гэж хэлжээ.
Хён Бин, Сон Е Жин нар 2018 онд дэлгэцнээ гарсан “The Negotiation” киноны зураг авалтын үеэр анх танилцсан байна. Үүний дараа 2019 онд үзэгчдийн хүртээл болсон “Crash Landing on You” цувралд хамтран тоглосноор улам дотносож, 2021 онд харилцаагаа албан ёсоор олон нийтэд зарласан юм. Харин 2022 онд тэд хуримаа хийж, фенүүдийнхээ хамгийн их хайрладаг хосуудын нэг болсон билээ.