Нүүр хуудас Кино“Ирээдүйгээс ирсэн зочид”: Шинэ оныг угтах монгол кино

“Ирээдүйгээс ирсэн зочид”: Шинэ оныг угтах монгол кино

нийтлэгч Enkhzul Batsukh
2 сэтгэгдэлүүд

“Оранж энтертэйнмент” 10 жилийнхээ босгон дээр шинэ төслөө нээлээ

“Нийслэл Хүүхэн”, “+17”, “Шар гэгээ”, “Мөрч” зэрэг нэг, олон ангит уран бүтээлээр үзэлтийн рекордыг шинэчилж ирсэн “Оранж энтертэйнмент” студи 2026 онд 10 жилийн ойтойгоо золгоно. Өнгөрсөн арван жилийн хугацаанд тэд тайз, дэлгэцийн 50 гаруй төслийг үзэгчдэд хүргэж, Монголын кино урлагт өөрийн гэсэн өнгө, нөлөөг бий болгосон гэж үздэг.

Энэхүү ойг угтан хэрэгжүүлэх томоохон ажлуудын эхнийх нь адал явдалт, инээдмийн төрөлд хамаарах “Ирээдүйгээс ирсэн зочид” уран сайхны кино бөгөөд 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс улс даяарх кино театруудад нэгэн зэрэг нээлтээ хийхээр товлогджээ.

Монгол түүхийг ирээдүйн өнгөөр тайлбарлах оролдлого

“Ирээдүйгээс ирсэн зочид” киног “Оранж энтертайнмент”, ДДЭШ ТВ, “Фильм Овл” продакшн хамтран бүтээсэн. Найруулагчаар “Мөрч”, “Молоко” зэрэг сүүлийн жилүүдийн үзэлтийн өндөр үзүүлэлттэй бүтээлүүдээр танигдсан залуу найруулагч Б.Төгөлдөр ажиллаж байна.

Киноны гол санаа нь монголчуудын угсаа гарал, түүхэн үндсийг зөвхөн баримтаар бус, орчин үеийн инээдмийн, адал явдалт хэлбэрээр хүүхэд, залуусын нүдээр дахин харуулахын төлөө чиглэжээ. Үйл явдлыг зөвхөн зугаа цэнгээнээр хязгаарлахгүйгээр эх оронч сэтгэл, гоо зүй, хүмүүжилд тодорхой хэмжээгээр нөлөөлөхүйц контент бүтээх зорилго тавьсан гэж уран бүтээлчид тодотгосон.

“Оранж энтертэйнмент” энэ төслөө дуу, дүрсний чанарын өндөр стандарт, мэргэжлийн түвшний баг бүрэлдэхүүнээр хийхээр зорьж, инээдмийн жанрт дотоодын шинэ түвшин тогтооно гэдгээ онцолж байна.

K-pop мөрөөдөл, хатуу профессор, говийн агуйн нууц

Киноны үндсэн үйл явдал Заяа нэртэй, K-pop ертөнцөд хөл тавихыг мөрөөддөг охины шийдвэрээс эхэлнэ. Солонгос руу сурахаар явахын өмнө тэр түүхийн хичээлээ заавал тэнцэх ёстой ч хахир хатуу, зарчимч багш Бат профессор түүнийг амархан “гаргах” шинжгүй.

Заяа шалгалтад бэлдэхийн оронд ямар нэг аргаар бултаж тэнцэх гарц хайж эхлэх ч үл таних их говийн агуйд хөл тавьсан мөчөөс түүний төлөвлөгөө, ертөнцийг харах өнцөг эрс өөрчлөгдөнө. Цаг хугацааны хил алдагдаж, өнгөрсөн үеийн Монголтой нүүр тулсан түүнийг зөвхөн шалгалтын оноо бус, өнгөрсөн цагийн үнэ цэнэ, өөрийнхөө угсаа, гарал, монгол хүн болж төрсний утга учрыг ойлгох даалгавар хүлээж байдаг.

Буцах гарц, мөрөөдөлдөө хүрэх боломж нь түүхийн асуултад хариулах төдийгүй “монгол хүн байхын утгыг” өөрийн биеэр мэдрэхээс шалтгаалах болно.

Жүжигчдийн бүрэлдэхүүн, инээд ба адал явдлын хослол

“Ирээдүйгээс ирсэн зочид” бүтээлд соёлын тэргүүний ажилтан, олон үзэгчийн танил жүжигчин Н.Ялалт, О.Энхтуул нар авьяаслаг залуу жүжигчидтэй хамтран тогложээ. Тэдний хамтын тоглолт цаг хугацаагаар аялсан инээдтэй атлаа бодогдмоор мөчүүдийг харуулж, хүүхэд, залуус, гэр бүлүүдэд зэрэг зориулагдсан киноны өнгө аясыг бүрдүүлнэ.

Кино багийн зүгээс дүрүүдийг зөвхөн хошин өнгөөр зурах бус, бодит амьдралтай ойр, үзэгч өөрийгөө харж болохоор хэв шинжээр бүтээхийг зорьсон гэж тайлбарлаж байна.

Шинэ оноо “цаг хугацаагаар аялахад” зориулсан урилга

Олон улсын контентын нөлөөнд өсөж буй өнөөгийн залуу үеийн хувьд өөрийн түүх, үндэс, соёлоо шинэ хэлээр ойлгох шаардлага улам тод болж буй энэ үед “Ирээдүйгээс ирсэн зочид” кино нь цаг хугацаагаар аялж, монгол хүн болж төрснөөрөө бахархах мэдрэмжийг кино театраас авах боломж гэж уран бүтээлчид харж байна.

Шинэ оны эхний өдрөөс эхлэн улс даяарх кино театруудад гарч эхлэх энэхүү уран сайхны кино нь 2026 оны киноны улирлыг эхлүүлэх эхний дотоодын том төсөл болж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

2 сэтгэгдэлүүд

Хүрэлбаатар 12 сар 26, 2025 - 15:54

Монгол кино улам сонирхолтой болж байна

Хариулах
Билгүүн 12 сар 26, 2025 - 15:59

Заавал үзэх кинонуудын нэг болох байх

Хариулах

Сэтгэгдэл үлдээх