BTS хамтлагийн гишүүн J-Hope Токио хотод болсон тоглолтын үеэр хайртай эмээгээ алдсан тухайгаа сэтгэл өвтгөм мэдээг шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцлаа. Гэр бүлд нь тохиолдсон хүнд гарзыг үл харгалзан тэрээр амласан ёсоороо тайзан дээр гарч, өөрийн мэргэжлийн чадвараа харуулсан нь дэлхий даяарх сая сая шүтэн бишрэгчдийнх нь сэтгэлийг хөдөлгөж байна.
Токиогийн тоглолт ба сэтгэлийн гүн дэх гуниг
Дөрөвдүгээр сарын 20-ны өдөр J-Hope өөрийн цахим хуудсандаа “BTS WORLD TOUR ‘ARIRANG’. TOKYO” гэсэн тайлбартай зургуудаа нийтэлжээ. Эдгээр зурагт Токио Дом цэнгэлдэх хүрээлэнд дөрөвдүгээр сарын 17-18-нд болсон тоглолтын торгон мөчүүд, тайзны ардах дүр зураг багтсан байна. Гэвч тэдгээр дундаас нэгэн зураг олны анхаарлыг хамгийн их татсан нь түүний уйлснаас болж хавдсан нүүртэй, нулимс дуслуулсан төрх байв.
J-Hope Токиод ирсэн даруйдаа эмээгээ таалал төгссөн тухай мэдээг хүлээн авсан гэдэг нь хожим тодорхой болсон юм. Ийм хүнд үе тохиосон ч тэрээр тоглолтоо цуцлаагүй бөгөөд шүтэн бишрэгчдэдээ өгсөн амлалтаа биелүүлэхээр шийджээ.
Тайзан дээрх чин сэтгэлийн үгс
Тоглолтын үеэр J-Hope сэтгэлээ нээж, дараах зүйлийг ярьсан юм.
“Японд ирмэгцээ л намайг багаас минь өсгөсөн эмээгээ таалал төгссөн тухай мэдээг дуулсан. Би үнэхээр цочирдож, сэтгэл зүйн хувьд хүнд байлаа. Гэсэн ч хамтлагийнхаа гишүүдтэй хамт хооллож, тоглолтдоо бэлтгэж эхлэхдээ бага багаар өөрийгөө тайвшруулж чадсан.”
Тэрээр үргэлжлүүлэн эмээгийнхээ тухай дурсахдаа “Миний эмээ зөвхөн надаар төдийгүй манай хамтлагийн бүх гишүүдээр үргэлж бахархдаг байсан. Хэрэв тэр дээрээс биднийг харж байгаа бол энэ тоглолтыг үзээд маш их баярлах байсан гэдэгт би итгэлтэй байна” хэмээн өгүүлжээ.
Мөн тэрээр “Энэхүү тайзыг илүү утга учиртай болгож өгсөн АРМИ нартаа баярлалаа. Би үнэхээр зүгээр ээ” гэж хэлэн шүтэн бишрэгчдээ тайвшруулсан юм.
Тоглолтын явц ба цаашдын төлөвлөгөө
J-Hope-ийн энэхүү тэвчээр, чин сэтгэл нь хүн бүрд гүн сэтгэгдэл үлдээж байна. BTS хамтлаг дөрөвдүгээр сарын 17-18-ны өдрүүдэд Токио хот дахь “ARIRANG” аялан тоглолтоо амжилттай өндөрлүүллээ.
Тэдний дараагийн зогсоол АНУ байх бөгөөд дөрөвдүгээр сарын 25, 26 болон 28-ны өдрүүдэд Тамла хотын “Raymond James Stadium” цэнгэлдэх хүрээлэнд шүтэн бишрэгчидтэйгээ уулзахаар бэлтгэж байна.