Өмнөд Солонгосын поп соёл дэлхий даяар асар хурдацтай тархаж, үзэгчдийн анхаарлыг татахын хэрээр “фэндом” хэмээх ойлголт ч мөн ижил хэмжээгээр өргөжин хөгжсөөр байна. Фэндом гэдэг нь тодорхой нэг уран бүтээлч, хамтлагийг гүн гүнзгий бишрэн дэмжих, тэдэнд чин сэтгэлээсээ ханддаг шүтэн бишрэгчдийн хамтын “соёл” юм. Өмнөд Солонгосын хувьд энэхүү соёл 1970-аад оноос эхлэн төлөвшиж эхэлсэн бол 1980-аад онд илүү өргөн хүрээтэй болсон. Харин 1990-ээд онд Со Тэ Жи хэмээх домогт уран бүтээлчийн эргэн тойронд фэндомын жинхэнэ дүр зураг бүрэлдэн тогтсон гэдэг.
2000-аад оны эхээр фэн клубууд олноор байгуулагдаж, фэндом соёл үндэсний хэмжээнд хүчээ авсан. 2008 оноос эхлэн энэхүү соёл олон улсын тавцанд гарч, барууны орнууд ч К-ПОП урсгалд автсан байдаг. BIGBANG, SUPER JUNIOR, GIRLS’ GENERATION зэрэг хамтлагууд дэлхий дахинд алдартай болж, фэнүүдийн тоо геометрийн прогрессоор нэмэгдсэн. Энэхүү соёлын давалгаа нь зөвхөн хөгжим бус кино, технологи, гоо сайхан, хоолны салбар хүртэл хамарч “Hallyu” буюу Солонгосын давалгааг үүсгэсэн юм.
BIGBANG хамтлагийн гишүүн Тэ Яны тоглолт энэ сарын 21-нд Монгол Улсад зохион байгуулагдах гэж байгаа бол мөн “Өмнөд Солонгосын Бейонсе” хэмээгддэг дуучин Ейлі ч Улаанбаатарт ирэх нь тодорхой болжээ. Тэдний тоглолтын VIP болон фэн-зон тасалбар аль хэдийн дуусаж, ердийн тасалбар маш бага тоогоор үлдээд байгаа талаар зохион байгуулагчид мэдээлж байна.
Фэнүүд уран бүтээлчийн нэрээр хийсэн гэрэлт стик (lightstick)-ийг гартаа барьж, тусгайлан бэлтгэсэн үг хэллэгийг хэлж, дуу бүрийг цээжилж, дууг нь хамт дуулан, тайзны тоглолтыг идэвхтэй дэмждэг. Түүнчлэн фэндомууд бие биедээ хүндэтгэлтэй ханддаг нь тухайн уран бүтээлчдээ хүндэтгэж байгаагийн илэрхийлэл болдог.
Фэндом соёлын үндсэн үнэт зүйлс:
- Айдолуудаа хүндэтгэх: Хувийн орон зай, амьдралыг нь хүндэтгэх, сэтгэлзүй болон эрүүл мэндийг нь эн тэргүүнд тавих.
- Sasaeng зан үйлээс зайлсхийх: Айдолыг мөрдөх, сэм зураг авах зэрэг зохисгүй үйлдлээс татгалзах.
- Фэн нийгэмлэгийн эв нэгдэл: Бусад фэндомуудтай зохистой харилцаа үүсгэх, цахим орчинд маргаан, хэрүүл үүсгэхгүй байх.
- Хариуцлагатай дэмжлэг: Зохиогчийн эрхийг хүндэтгэх, хууль ёсны сувгаар уран бүтээл үзэх.
- Сайн үйлсийн аянд оролцох: Мод тарих, эмнэлэгт хандив өгөх, нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа зохион байгуулах.
- Ухаалаг хэрэглэгч байх: Худал мэдээлэлд автахгүй байх, цахим орчинд бусдыг гүтгэхгүй байх.
Фэндомын гишүүн бүр эдгээр зарчмыг баримтлах нь зөвхөн өөрийн дуртай уран бүтээлчээ дэмжиж буй хэрэг биш, мөн нийгмийн эерэг хандлагыг түгээх нэгэн хэлбэр болдог. “Фэн” байна гэдэг нь зөвхөн дэмжих төдий биш, ёс зүйтэй байж, бусдыг хүндэтгэж сурах нийгмийн ур чадварыг төлөвшүүлдэг.