“Ази төрхөө үзэн яддаг, цэнхэр нүдгүй, шаргал үсгүйгээсээ ичдэг байлаа. Тухайн үед тийм л байвал хөөрхөн гэгддэг байсан юм” хэмээн Арден Чо нэгэн ярилцлагадаа хэлдэг. Түүний нүүр царайг хараагүй байж болох ч хоолойг нь та андахгүй. Учир нь тэр Netflix-ийн хамгийн амжилттай анимейшнүүдийн нэг болсон “KPop Demon Hunters” бүтээлийн гол дүр Румид дуу оруулсан бүсгүй юм.
Энэ удаагийн ХҮМҮҮС булангаараа жүжигчин, дуучин, загвар өмсөгч, продюсер, покерчин гэх олон “малгайтай” солонгос-америк уран бүтээлч Арден Лим Чо-г онцоллой.
Ази төрхөө үгүйсгэдэг байсан охиноос Netflix-ийн бүрэн хэмжээний од хүртэл
Арден Лим Чо 1985 оны наймдугаар сарын 16-нд АНУ-ын Техас мужид төржээ. Тэр огт үндэстний цөөнх бараг амьдардаггүй, цагаан арьстнууд давамгай бүс нутагт өссөн учраас багаасаа “өөр” гэдгээ маш тод мэдэрч өссөн. Хүүхэд нас нь дээрэлхүүлэлт, гадуурхагдалтай бараг салшгүй холбоотой байсан тухайгаа тэр олонтаа ярьдаг. Бүр нэг удаа хэтэрхий ширүүн дээрэлхэлтийн улмаас эмнэлэгт хүргэгдэж байсан түүх ч бий.
Солонгос цагаач гэр бүлээс гаралтай тэр охин америк соёлд дасан зохицохын тулд өөрийн төрхийг хүртэл үгүйсгэхэд бэлэн байжээ. BBC-ийн “Дэлхийн эмэгтэйчүүд” цувралд өгсөн ярилцлагадаа Чо “ази төрх” гэдэг үг түүний хувьд нэг хэсэгтээ л ичмээр, ачаа мэт санагддаг байсан тухай дурссан байдаг.
Чо ахлах сургуулиа Миннесотад төгсөөд Иллинойсын их сургуульд хуульчийн ангид элсэн оржээ. Жүжиглэх хүсэл эрмэлзэл нь чухам Иллинойст байх үеэр, анх удаа жүжигчний хичээл сонгон орсон цагаас эхэлсэн гэдэг. Эцэст нь тэр хууль биш, сэтгэл судлалын чиглэлээр 2007 онд бакалаврын зэрэг хамгаалж, хүний сэтгэл зүйг ойлгох сонирхлоо уран бүтээлтэйгээ холбон ашиглаж эхэлжээ.
Түүний анхны томоохон олны танил болсон ажил бол MTV-ийн алдарт “Teen Wolf” цуврал. Улмаар 2022, 2024 онд Netflix-ийн өөр төслүүдэд тоглож, эцэст нь “KPop Demon Hunters” анимейшнээр нэр хүнд нь “дэлбэрч” чадсан.
Румигийн түүх ба Арден Чогийн бага нас: хоёр өөр охин, нэг л тэмцэл
“KPop Demon Hunters” цувралд дэлхий ертөнцийг чөтгөрүүдийн довтолгооноос хамгаалахын тулд тэмцдэг гурван эмэгтэй гардаг. Арден Чо тэдний нэг болох Румид дуу оруулдаг. Энэхүү дүрийг хүлээж авсан цагаасаа л тэр “хагас хүн, хагас чөтгөр” гэсэн дүрийн давхар шинж чанарыг маш нарийн ойлгож, дотроос нь мэдрэх шаардлагатайгаа ухамсарлажээ.
Тэр өөрийнхөө тухай дурсахдаа:
“Америкт төрсөн, америк соёлоор хүмүүжсэн хүн атал хүмүүс надтай тэгж харьцдаггүй. Хүмүүс намайг ази-америк, солонгос-америк эмэгтэй л гэж хардаг юм. Амьдралынхаа олон цаг мөчид би өөрийгөө үзэн ядаж байлаа. Өөр хэн нэгэн болчихмоор санагддаг байв. Хүүхдүүдийн хувьд харж өссөн зүйл нь том болоод хэн болохыг нь тодорхойлдог. Харин миний хувьд дотоод хүнийг маань илэрхийлэх дүр төрх тийм ч олныг харж байгаагүй”
хэмээн ярьсан нь Румигийн тулаан, дотоод тэмцэлтэй бараг ижилхэн сонсогдоно.
Румигийн аялал бол зөвхөн чөтгөртэй тэмцэх тулаан биш. Өөрийгөө хэн бэ гэдгийг хүлээн зөвшөөрөх, хоёр өөр ертөнцийн хооронд хавчигдсан охины сэтгэл зүйн тэмцэл юм. Чо энэ дүрийг бүтээхдээ өөрийн бага насны өвдөлттэй, ичмээр, адлагдсан бүх мэдрэмжээ ашигласан гэдэг.
KPop Demon Hunters: Ази-америк хүүхдүүдийн “би ч бас чадна” гэсэн дохио
“KPop Demon Hunters” 2025 оны зургадугаар сард Netflix-д тавигдмагцаа ердөө хоёр долоо хоногийн дотор 33 сая үзэлт цуглуулж, 93 орны Netflix-ийн чартын эхний 10-т багтжээ. Солонгост өрнөдөг, солонгос дүрүүд төвд нь байдаг анхны Холливудын хэмжээний анимейшн гэдгээрээ ч энэ кино онцгойд тооцогдоно.
Арден Чогийн хувьд энэ төсөл бол цэвэр мөрөөдөл биелсэн явдал. Зөвхөн өөрийнх нь мөрөөдөл ч биш, АНУ даяарх олон ази-америк хүүхдүүдийн хувьд “над шиг хүн ч гол дүр байж чаддаг юм байна” гэсэн баталгаа болсон. Тэр өөрөө “хүүхэд байхад маань яг ийм төрлийн кино, ийм дүр байгаасай гэж үнэхээр хүсэх байсан” хэмээн халагладаг.
Кино гарснаас хойш олон солонгос-америк үзэгч түүнд хандаж, “өөрийнхөө соёл, гарал үүсэлд урьд өмнөхөөсөө илүү бахархах болсон” тухайгаа талархан ярьжээ.
Чо өөрөө энэ талаар:
“К-поп урлаг бол яах аргагүй анхны зам жимийг гаргасан хүчин зүйл. Солонгос гоо сайхан ч бас дэлхий дахины Солонгосыг хайрлах хайранд томоохон нөлөө үзүүлсэн. Гэхдээ миний бодлоор энэ кино жинхэнэ оргил нь боллоо. Бүгд л одоо Солонгос явахыг хүсч байна шүү дээ”
хэмээн өгүүлсэн нь киноны нөлөөг тодорхой харуулна.
Цагаачдын Америк, Трампын бодлого, “чөтгөр ангуучийн” мессеж
“KPop Demon Hunters” цацагдсан үетэй бараг давхцан АНУ-д Трампын засаг захиргаа цагаачдыг албадан гаргах өргөн цар хүрээтэй кампанит ажлаа эрчимжүүлж байлаа. Улс орон даяар хууль бусаар оршин суугчдыг баривчилж, буцаах ажиллагаа өрнөж, бараг бүх мужид эсэргүүцлийн жагсаал, тэмцэл гарсан.
Ази-америк гаралтай, өөрөө цагаачдын хүүхэд болох Арден Чогийн хувьд энэ үйл явдал үнэхээр зүрх шимшрэм байсан. Тэр “Цагаачид өнөөдрийн Америкийг бий болгосон юм” гэж онцлох дуртай. Ялангуяа тухайн үед албадан гаргагдсан цагаачдын дунд баримт бичиг нь дутуу, статустай холбоотой асуудалтай 150 мянга орчим солонгос байсныг дурсан ярьсан байдаг.
Чо хожим том болоод бодоход, өөрийнх нь бага насанд тулгарч байсан арьс өнгөөр ялгаварлан гадуурхуулах байдал ихэнхдээ мэдлэггүй, айдастай холбогдож байсныг ойлгожээ. Цаг үе өөрчлөгдөж, технологи урагшилсан ч хүний сэтгэл хандлага тэр бүр дагаад өөрчлөгдөхгүй байгааг тэр харамсдаг.
Яг энэ шалтгаанаар “KPop Demon Hunters” кино түүний хувьд зүгээр нэг анимейшн биш. Гарвал, хэл, арьсны өнгө өөр ч хүн бүрт итгэл найдвар, хайр, талархал түгээж чаддаг урлагийн бүтээл гэж тэр үздэг.
Кино урлагт хиймэл оюун ухаан хүчээ авч байгаа өнөө үед жүжигчдийн хоолойг AI-аар хувилж, орлуулж болох тухай маргаан их. Гэвч Чо “хүмүүс эцэстээ жинхэнэ хүний мэдрэмж шингэсэн, амьд урлагийг л эрэлхийлсээр байх болно” гэж итгэдэг.
Тэр чөтгөр ангуучлахаас бусдаар юу хийдэг вэ?
Арден Чог нэг чиглэл рүү л төвлөрдөг хүн гэж бодох аргагүй. Түүний замнал бараг бүх урлаг, спорт, бизнесийн салбарыг дайрсан гэмээр өргөн.
2004 онд тэр Чикагод зохиогдсон “Miss Korea” тэмцээнд түрүүлж, улмаар Сөүлд болдог улсын хэмжээний шатанд оролцох эрхээ авсан нь анхны том тайзны туршлага нь байв.
2010 онд “Clinique” гоо сайхны брэнд түүнийг Ази дахь шинэ кампанит ажлынхаа нүүр царай болгох сонголт хийжээ. Үүгээр зогсохгүй Reebok, Nike, Apple, Alexander McQueen зэрэг дэлхийн нэр хүндтэй брэндүүдтэй хамтран ажиллаж, “Vogue”, “Purple Fashion”, “Nylon Magazine” зэрэг сэтгүүлүүдийн нүүрийг чимж байв.
2010 онд тэр Өмнөд Солонгосын “JYJ” хамтлагийн АНУ дахь аялан тоглолтын зохион байгуулагчдын нэгээр ажиллаж, тайзны ар талын продюсерийн ажлыг ч амсаж үзжээ.
Дараа жил нь “I’m Just a Girl” нэртэй анхны синглээ гаргаж, 2013 онд “My True Happy” богино цомгоороо аялан тоглолт хийхээр төлөвлөсөн ч гэнэт MTV-ийн “Teen Wolf” цувралын урилга ирж, чиглээ өөрчлөхөд хүрсэн гэдэг.
YouTube суваг дээрээ тэр олон алдартай дууны ковер хувилбаруудыг тогтмол нийтэлж ирсэн. “Fly Me to the Moon”, “Kissing A Fool”, “When You Say Nothing at All”, “Thinking Out Loud” зэрэг олон хит дуу түүний тайлбартайгаар дахин “төрсөн”.
Гэхдээ нэг сонирхолтой деталь бий: Арден Чо хэдий дуучин ч, “KPop Demon Hunters” дээр ямар ч дууг нь өөрөө дуулдаггүй. Тэр зөвхөн Румигийн ярианд дуу оруулсан бөгөөд Румигийн дуулдаг хэсгийг солонгос-америк дуучин EJAE амилуулсан.

Покер, бизнес, таеквондо: бүхнийг зэрэг амжуулдаг эмэгтэй
Чөтгөр ангуучлахаас гадна Чо покерын ширээн дээр ч ангуучлагч гэдгээ баталсан. Тэр 2002 оноос хойш покер тоглож ирсэн бөгөөд 2018 онд Покерын дэлхийн цуврал (World Series of Poker)-д оролцож, 662 дугаар байранд орсон ч 21 750 ам.долларын шагнал хүртэж байв.
2024 оны нэгдүгээр сард зохиогдсон PGT тэмцээнд хоёрдугаар байр эзэлж, 200 мянган ам.доллар хожсон нь түүний хувьд покерийг зүгээр нэг хобби биш бодит орлогын эх үүсвэр болох боломжтойг харуулсан томоохон амжилт болсон.
Арден Чо бизнесийн салбарт ч азаа сорьсон. 2019 оны хоёрдугаар сард Нью-Йоркт төвтэй бугуйн цагны брэнд “Leonard & Church” компанийн гүйцэтгэх захирал болсон гэдгээ зарласан. Гэвч тус компани 2020 онд хаалгаа барьсан нь бизнесийн ертөнцийн хатуу дүрмийг түүний өөрийн биеэр мэдрүүлсэн явдал байлаа.
Чо христийн шашинтай гэдгээ нуудаггүй. Итгэл үнэмшил нь өөрийгөө үзэн ядах үе, гадуурхагдах мэдрэмж, амжилт ба алдаа бүхнийг давахад нь чимээгүй тулгуур болдог тухайгаа дурдаж байсан.
Түүнд бас нэг онцгой “зэвсэг” бий. Чо багаасаа таеквондо сурч, хар бүсийн зэрэгт хүрсэн. Түүний аав таеквондогийн их мастер бөгөөд охиноо жаахнаас нь бэлтгэл хийлгэж, сахилга бат, өөрийгөө хамгаалах ур чадварыг суулгаж өгчээ. Энэ нь чөтгөр ангууч Румигийн хурдтай хөдөлгөөн, шийдэмгий байдлыг илүү бодитой мэдрэхэд нь ч нөлөөлсөн байж мэднэ.
Арден Чогийн амьдрал гэдэг бол ази төрхөө нуух гэж хичээдэг жижиг хотын охиноос эхэлж, гол дүрийн анимейшн, дэлхийн хэмжээний стрийминг платформ, покерын тэмцээн, загварын гэрэл зураг, бизнесийн өрсөлдөөн дундуур дамжин, өөрийнхөө гарал үүсэл, төрх, дуу хоолойгоороо бусдад урам өгдөг эмэгтэй болон төлөвшсөн урт аялал.
“KPop Demon Hunters” бол чөтгөртэй тулалдаж буй гурван охины тухай кино мэт харагдавч, үнэндээ өөрийгөө үзэн ядаж өссөн, одоо харин өөртэйгөө эвлэрч, бусдад гэрэл түгээхийг хүсэж буй сая сая хүүхдүүдийн тухай түүх юм.
Арден Чо тэр түүхийн нэг гол “ангууч” нь байж чадсан.