“Single’s Inferno 5” шоуны оролцогчид болох Ким Го Ын болон Жо И Гон нар хамтран оролцсон YouTube ярилцлагын үеэр өөрсдийн харилцааны талаар анх удаа ил тод ярьжээ.
Тэд шоуны үеэр хүчтэй зохицол харуулсан ч одоогоор албан ёсны хос болоогүй гэдгээ баталж, бие биеэ илүү таньж мэдэх шатанд яваагаа илэрхийлсэн байна.
Ярилцлагын үеэр худал илрүүлэгч ашигласан хэсэгт Ким Го Ын улирлын төгсгөлд Жо И Гоныг яагаад сонгоогүйгээ тайлбарлахдаа “Чи зүгээр л жүжиглэж байгаа юм шиг санагдсан, мэдрэмжээ хүссэн үедээ өөрчилж чаддаг юм шиг” гэж хэлжээ. Гэхдээ тэр даруйдаа түүнийг сэтгэл догдлуулж байсан гэдгийг нэмж дурдсан байна.
Хамгийн их анхаарал татсан нь хэрэв шоуг дахин эхнээс нь хийх боломж олдвол хэнийг сонгох вэ гэсэн асуултад Ким Го Ын “Одоо бол Жо И Гон” хэмээн эргэлзэлгүй хариулсан явдал байв.
Хоёрын харилцаа шоу дууссаны дараа шулуун замаар үргэлжлээгүй аж. Жо И Гоны хэлснээр тэд дахин уулзсаны дараа хэд хэдэн удаа болзож, олон мессеж солилцсон ч нэгэн үл ойлголцлоос болж хэсэг хугацаанд холбоо тасарсан байна.
Харин дараа нь бүхнийг ойлголцож, харилцаагаа сэргээсэн талаар Жо И Гон “Бид бүхнийг тодруулсны дараа дахин уулзаж эхэлсэн. Заримдаа хамт хооллодог, харилцаа маань аажмаар урагшилж байгаа” хэмээн ярьжээ.
Ярилцлагын үеэр “EXchange” реалити шоуны талаар ярилцах үед Ким Го Ын өмнө нь энэ шоунд оролцох сонирхолтой гэдгээ хэлж байсан ч бодит байдал дээр хуучин найз залуус нь зөвшөөрөхгүй гэж хошигносон байна.
Үүний дараа Жо И Гон тоглоомоор түүнээс хамт оролцох уу гэж асуухад Ким Го Ын “Бид аль хэдийн салсан үед л оролцоно” хэмээн нүдээ ирмэн хариулсан нь хөтлөгчийг гайхшируулж, тэд ирээдүйд албан ёсны хос болох магадлалтай гэсэн таамгийг улам нэмэгдүүлжээ.