2026 оны хоёрдугаар сарын 24-нд нийтлэгдсэн мэдээллээр Өмнөд Солонгосын нэрт жүжигчин Ким Тэ Хи Сөүл хотын тансаг зэрэглэлийн “Hannam The Hill” цогцолборт эзэмшдэг байсан орон сууцаа өнгөрсөн оны арваннэгдүгээр сард зарсан байна. Йонсан-гугийн Ханнам-донд байрлах тус орон сууц 233 м.кв (ойролцоогоор 70 пён) талбайтай бөгөөд хэлцлийн дүн 12.77 тэрбум вон болжээ.
Тэрээр энэ үл хөдлөх хөрөнгийг 2018 оны наймдугаар сард 4.23 тэрбум воноор худалдан авч, төлбөрийг бүхэлд нь бэлнээр төлсөн гэж мэдээлэв. Ингэснээр ойролцоогоор 7 жил 6 сарын дараа худалдан авсан ба зарсан үнийн зөрүүнээс 8.54 тэрбум воны “цэвэр ашиг” олсон нь анхны хөрөнгө оруулалтаасаа бараг гурав дахин өссөн үзүүлэлт болж байна.
Худалдан авагч нь Samkoo Inc компанийн тэргүүн Ку Жа Гван бөгөөд бизнесийн хүрээнд “Цэвэрлэгээний хаан” гэх хочоор танигдсан хүн гэж мэдээлэлд дурджээ.
“Hannam The Hill” цогцолбор нь 2011 онд Данкук их сургуулийн хуучин кампусын талбай дээр баригдсан, Өмнөд Солонгосын хамгийн нэр хүндтэй орон сууцны бүсүүдийн нэгт тооцогддог. Нийт 32 барилга, 600 өрхөөс бүрдэх уг цогцолбор өндөр хамгаалалт, нууцлалын түвшнээрээ алдартай гэж тэмдэглэжээ. Тус цогцолборт BTS хамтлагийн RM, Жимин, Жин, жүжигчин Со Жи Соп, Хан Хё Жу, мөн LG группийн дарга Ку Гван Мо зэрэг хүмүүсийн нэр дурдагддаг байна.
