Сүүлийн амралтын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдсан “Зуны зугаа” нэртэй шоу тоглолтын үеэр эмх замбараагүй байдал гарч, архидан согтуурсан үзэгчдийн хооронд зодоон, хүйтэн зэвсэг ашигласан гэмт хэрэг гарсан нь хуулийн байгууллагын анхаарлын төвд орсон. Үүнтэй зэрэгцэн тоглолтыг зохион байгуулсан уран бүтээлчидтэй холбоотой шинэ асуудал үүсээд байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, “Зуны зугаа” тоглолтыг зохион байгуулсан реппер 113 буюу Гүрвэл нэрээр танигдсан уран бүтээлч Очирваани хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Тэрбээр өмнө нь хар тамхи хэрэглэсэн хэрэгт холбогдож, шүүхээс баривчлан албадан эмчилгээнд хамруулах шийтгэл хүлээж байсан нэгэн юм. Харин одоо түүнийг дахин мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдуулан сэжигтнээр тооцож, мөрдөн шалгаж эхэлсэн байна.
Мөн “Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал ч өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон “Сургууль минь баяртай” тоглолтын үеэр сэтгэцэд нөлөөт эм, хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгагдаж эхэлжээ. Тэрээр өмнө нь буюу 2016 онд мансууруулах бодис хэрэглэсэн хэрэгт холбогдож, шүүхээс хоёр жилийн хорих ял авч, тэнсэн харгалзахаар шийтгэгдэж байсан. Тухайн үед шүүх түүнд итгэл хүлээлгэж, хар тамхитай тэмцэх чиглэлээр олон нийтэд нөлөөлөх ажлуудыг санаачлахыг уриалсан байдаг. Үүний үр дүнд тэрээр 2017 онд хар тамхины эсрэг хөдөлгөөнийг өөрийн зүгээс эхлүүлж, олон нийтийн анхаарлыг хандуулахыг зорьж байсан түүхтэй.
Одоогийн байдлаар дээрх хоёр уран бүтээлчийг сэжигтнээр тооцон, холбогдох мөрдөн шалгах ажиллагааг хуулийн байгууллагууд үргэлжлүүлж байгаа юм. Хэрэгтэй холбоотой баримт, нотолгоог шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул цаашдын шийдвэр тодорхой болоход илүү дэлгэрэнгүй мэдээлэл гарах хүлээлттэй байна.