Үндэсний хэмжээний томоохон төсөл болох “Наадгай” уралдаант шоу нэвтрүүлэг тавдугаар сарын 17-ноос NTV телевизээр үзэгчдийн хүртээл болж эхэллээ.
Тус шоу нь Монгол орны 21 аймгаас сонгогдсон 18-45 насны 100 оролцогчийг нэг дор цуглуулснаараа онцлог. Эрэгтэй, эмэгтэй оролцогчид эх орон, тусгаар тогтнолын үнэ цэн, монгол хүний ур ухаан, хүч чадал, тэсвэр хатуужлыг харуулсан олон төрлийн даалгаварт өрсөлдөх юм.
“Наадгай” шоуны зураг авалтыг студи, павильонд бус Монгол орны үзэсгэлэнт, онгон байгальд хийжээ. Энэ нь нэвтрүүлгийг гадаад, дотоодын ижил төрлийн шоунуудаас ялгаруулах гол онцлог болж байна.
Оролцогчид хурд, хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээр шаардсан даалгавруудыг биелүүлж, эцэст нь нэг ялагч тодорно. Ялагч 150 сая төгрөгийн шагнал хүртэх юм.
Шоунд оролцож буй 100 хүн нь Монгол орны өнцөг булан бүрээс бүртгүүлсэн 2000 гаруй хүнээс шалгарсан энгийн иргэд аж. Иймээс “Наадгай” нь зөвхөн өрсөлдөөнт шоу бус, монгол хүний зан чанар, амьдралын туршлага, эх орноо гэсэн сэтгэлийг харуулах үндэсний хэмжээний төсөл болж байна.