Монголын өвлийн аялал жуулчлалд зориулсан тусгай цуврал
“Нэтфликс”-ийн “Physical: Asia” шоуны баг өнгөрсөн сард Монголд ирж, манай орны өвлийн аялал жуулчлалд зориулагдсан тусгай төслийг бэлтгэсэн. Тэд “Physical Asia: Welcome to Mongolia” буюу “Монголд тавтай морил” нэртэй дөрвөн ангит нэвтрүүлэг хийж, эхлээд Өмнөд Солонгост цацсан байна.
Өнөөдрөөс, 2026 оны нэгдүгээр сарын 2-ноос эхлэн уг цувралыг англи хадмал орчуулгатайгаар дэлхийн үзэгчид үзэх боломжтой болж байгаа нь Монголын өвөл, соёл, ахуйг олон улсын түвшинд харуулах дараагийн алхам болж байна.
Оролцогчид, Монголд өнгөрүүлсэн сорилт, туршлага
Нэвтрүүлэгт улсын арслан Б.Орхонбаяр, циркчин Э.Лхагва-Очир, Өмнөд Солонгосын холимог тулааны тамирчин Ким Доун Хён, Австралийн хүчтэн Эдди Виллиамс, мөн Өмнөд Солонгосын кроссфитийн шилдэг тамирчин Амотти зэрэг олон улсын танигдсан тамирчид, уран бүтээлчид оролцсон.
Оролцогчид “Physical: Asia” шоуны Монголын багийн ахлагч, улсын арслан Б.Орхонбаярын боловсруулсан тусгай маршрутын дагуу зураг авалтад оролцжээ. Энэ үеэр тэд монголчуудын өдөр тутмын амьдрал, уламжлалт соёлын хэв маягтай газар дээр нь танилцсан. Мөн циркчин Л.Лхагва-Очирын бэлтгэсэн тусгай үзүүлбэрийг үзэж, үндэсний сурын харваа зэрэг уламжлалт спорт, соёлын хөтөлбөрүүдэд оролцсон нь нэвтрүүлгийн гол хэсгүүдийн нэг болсон байна.
Ингэснээр “Physical Asia: Welcome to Mongolia” цуврал нь зөвхөн хүч, биеийн сорилтоор хязгаарлагдахгүйгээр, Монголын өвлийн байгаль, ахуй, уламжлал, орчин үеийн спорт, урлагийг нэгэн зэрэг харуулсан контент болж дэлхий даяар хүрч эхэллээ.