Нүүр хуудас Кино“One Battle After Another” оны шилдэг кино болж, ДиКаприо хоосон үлдлээ

“One Battle After Another” оны шилдэг кино болж, ДиКаприо хоосон үлдлээ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Найруулагч Пол Томас Андерсоны “One Battle After Another” бүтээл АНУ-ын мэргэжлийн кино шүүмжлэгчдийн холбооноос зохион байгуулдаг “Critics Choice Awards”-ын энэ оны шилдэг киногоор тодорлоо.

Critics Choice Awards 2026: Шүүмжлэгчдийн сонголт

Орон нутгийн цагаар Ням гарагт “Critics Choice Awards” шагнал гардуулах 31 дэх удаагийн ёслол болж, кино, телевизийн салбарын өнгөрсөн жилийн шилдгүүдийг зарлав.

Энэхүү шагналыг АНУ болон Канадын 600 гаруй кино шүүмжлэгч, урлагийн салбарын сэтгүүлчдийг нэгтгэсэн холбоо жил бүр шалгаруулдаг бөгөөд энд өндөр үнэлгээ авсан бүтээлүүд “Оскар”, “Алтан бөмбөрцөг”-ийн гол өрсөлдөгч болдог нь уламжлал болсон.

“One Battle After Another” – 14 нэр төрөл, 3 цом

Энэ удаагийн ёслолд жүжигчин Майкл Б.Жордан гол дүрийг нь бүтээсэн “Sinners” кино 17 төрөлд нэр дэвшиж, дөрвөн ангилалд ялалт байгуулсан нь тоогоороо тэргүүлэв.

Пол Томас Андерсоны найруулсан “One Battle After Another” нь 14 төрөлд өрсөлдөж, түүний дотроос гуравт нь шилдгээр шалгарсан бол “Hamnet” болон “Frankenstein” тус бүр 11 номинацид нэр дэвшжээ.

Телевизийн ангилалд Netflix-ийн “Adolescence” зургаан төрөлд хүч үзсэн байна.

Оны шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг зохиол нэг дор төвлөрөв

Кино шүүмжлэгчдийн хамтын үнэлгээгээр “One Battle After Another” оны шилдэг киноны шагналын эзэн болов. Үүгээр ч зогсохгүй Пол Томас Андерсон өөрөө шилдэг найруулагчийн шагналыг хүртэж, мөн шилдэг кино зохиолын төрөлд ялалт байгуулснаар энэ бүтээл гурван том цомтой буцлаа.

Ингэснээр “One Battle After Another” нь зөвхөн бүтээлээрээ төдийгүй найруулагч, зохиолын түвшинд 2025 оны кино ертөнцийн хамгийн нөлөөтэй төслүүдийн нэг болсныг баталлаа.

Жүжигчдийн гол шагналууд: Тимоти Шаламе, Жесси Баклей

Шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал АНУ-ын ширээний теннисчин Марти Маузерын амьдралаас сэдэвлэсэн “Marty Supreme” кинонд тоглосон франц жүжигчин Тимоти Шаламе-д очив. Тэрээр бодит хүний түүхийг дэлгэцнээ дахин амилуулсан дүрээрээ шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан.

Шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг “Hamnet” кинонд бүтээсэн дүрээрээ Жесси Баклей хүртэж, драмын бүтээл дундаас хамгийн хүчтэй тоглолтуудын нэгийг үзүүлсэн хэмээн үнэлэгджээ.

ДиКаприо болон хамтран тоглогчид – нэр дэвшсэн ч цомгүй үлдлээ

“One Battle After Another” кинонд гол дүр бүтээсэн Леонардо ДиКаприо шилдэг эрэгтэй жүжигчинд нэр дэвшсэн ч шагнал авч чадсангүй. Түүнтэй хамт уг кинонд тоглосон залуу жүжигчин Чейз Инфинити, мөн туслах дүрээр ажилласан Шон Пенн, Теяана Тэйлор нар ч энэ удаад цомын эзэн болсонгүй.

Ингэснээр тус кино нийт гурван том шагнал хүртсэн боловч жүжигчдийн ангилалд ялалт байгуулж чадаагүй нь кино сонирхогчдын дунд багагүй хэлэлцүүлэг дагуулж байна.

Телевизийн төрөл: “The Pitt” болон Ноа Уайл үнэлэгдлээ

Телевизийн ангилалд “The Pitt” цуврал оны шилдэг цувралаар тодорч, шүүмжлэгчдийн онцгой анхаарлыг татлаа. Тус цувралын гол дүрд тоглосон Ноа Уайл шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг хүртэж, телевизийн ертөнцөд энэ жилийнхээ хамгийн хүчтэй тоглолтуудын нэгийг үзүүлсэнд тооцогдов.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх