Амьтны хүрээлэнгийн нэг монш интернэтээр тэсэрч, нэг тоглоомыг “од” болгожээ
Японы нэг амьтны хүрээлэнд байдаг макака сармагчны Панч нэртэй долоон сартай монш сүүлийн үед дэлхий даяар танигдаж байна. Эхдээ гологдож, бусад сармагчнуудаас ад үзэгдсэн түүнд ханьтай болгох гэж амьтны хүрээлэнгийн ажилчид Икеа тавилгын дэлгүүрт худалдаалагддаг орангутан мичний чихмэл тоглоом өгчээ. Тэгвэл Панч болон чихмэл тоглоомын хооронд үүссэн сэтгэл хөдөлгөм, дотно харилцаа интернэтийг байлдан дагуулж, үүний араас IKEA ч бас шинэ “халуун” эрэлттэй бүтээгдэхүүнтэй болсон байна.
Орангутангийн чихмэл нь тус компанийн гоёл чимэглэлийн “Djungelskog” (ширэнгэн ой) цуглуулгад багтдаг бөгөөд нэг бүр нь $19.99 үнэтэй. Мягмар гарагийн байдлаар АНУ даяарх IKEA-гийн 54 дэлгүүрийн таваас бусдад нь уг тоглоомын нөөц дууссан байжээ. Нөөц үлдсэн таван дэлгүүрт ч хоёроос илүүгүй ширхэг үлдсэн байна. Японд байрлах 12 салбар дэлгүүрийн нэгээс бусдад нь мөн адил нөөц шавхагджээ. Их Британийн ихэнх салбаруудад ч бараг үлдээгүй гэж мэдээлэгдсэн байна. Эрэлт оргилдоо хүрэхийн хэрээр “eBay” дээр хүмүүс тухайн чихмэлийг зах зээлийн үнээс өндөрөөр байршуулж эхэлжээ.
IKEA үйлдвэрлэл, маркетинг дээр Панчийн “долгион”-ыг барьж авлаа
Эрэлт огцом өссөн нөхцөл байдлын талаар IKEA дэлгүүрийн сүлжээг хариуцдаг Ingka Group-ийн гадаад худалдааны менежэр Хавьер Кинонес хэвлэлд, “Бид энэ тоглоомыг аль болох хурдан худалдаанд гаргахаар шаргуу ажиллаж байна. Манай сайн борлуулалттай бүтээгдэхүүнүүдийн нэг байсаар ирсэн энэхүү тоглоом Японд болсон үйл явдалтай холбоотойгоор эрэлт нь улам нэмэгдсэн” гэж ярьсан байна.
Үүнээс гадна “Ikea” компани Панч моншийн нэр нөлөөг маркетингийн үйл ажиллагаандаа ашиглаж эхэлжээ. Саяхан тус компани сошиал хуудсандаа орангутангийн чихмэлийн зургийг “Заримдаа замд тааралдсан нэгэн бидний гэр бүлийн хэсэг болох тохиолдол бий” гэсэн тайлбартай нийтэлсэн байна.
Хандивын шийдвэр, амьтны хүрээлэн дээрх хөл хөдөлгөөн, үзэх дүрэм
Даваа гарагт Малайз дахь Ikea салбар чихмэл тоглоомын орлогын тодорхой хэсгийг орангутанг хамгаалах санд хандивлахаар болсноо зарлажээ. Харин Токио хотын төвөөс галт тэргээр 15 минут яваад хүрэх зайд орших Ичикава хотын жижиг амьтны хүрээлэн хүмүүсийн хөлд дарагдах хэмжээнд хүрсэн байна.
Сармагчнууд байрладаг хэсгийг үзэх гэсэн хүмүүсийн урт дараалал өдөр бүр тогтмол үүсэх болсонтой холбоотойгоор хүрээлэнгийн захиргаа тухайн хэсгийн нэгдүгээр эгнээний үзэх хугацааг 10 минутаар хязгаарлаж, сармагчнуудын тав тухыг алдагдуулахгүйн тулд сэлфи саваа ашиглахыг хоригложээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тус хүрээлэнд 9,600 орчим хүн очсон бол хоёрдугаар сарын нийт зочин 47,000 орчим болж, өмнөх оны мөн үеэс хоёр дахин өссөн үзүүлэлт гарсан байна.
Панч сүрэгтээ дасахын хэрээр чихмэлтэй өнгөрүүлэх цаг багасчээ
Хүрээлэнгийн зүгээс мэдээлснээр Панч сүүлийн үед сүрэгтээ аажмаар дасаж, бусад сармагчнуудаар халамжлуулах нь нэмэгдсэнтэй холбоотойгоор чихмэл тоглоомтойгоо хамт байх хугацаа нь багасаж эхэлжээ.
