Netflix-ийн Physical Asia нэвтрүүлэгт түрүүлсэн БНСУ-ын багийн оролцогчдын нэг, чөлөөт бөхийн тамирчин Чан Ын Шил өнгөрсөн сарын сүүлээр Монголд ирснийг өмнө нь мэдээлж байсан. Тэр энэ удаад хувийн цахим хуудсаараа влог контент хийх зорилготой ирсэн байна.
Сүхбаатарын талбай, Зайсан, “Шандас” клубээр оржээ
Чан Ын Шил өчигдөр өөрийн YouTube хуудсаар дамжуулан Монголд хийсэн влогийнхоо эхний дугаарыг нийтэлжээ. Тус дугаарт тэр Сүхбаатарын талбай, Зайсан толгой зэрэг түүх, дурсгалын газруудаар очсоноос гадна “One Championship” холбооны аваргын бүс эзэмшигч Б.Энх-Оргилын бэлтгэлээ хийдэг “Шандас” клубээр зочилсон байна.
Чөлөөт бөхөөс кроссфит, контент бүтээгч хүртэлх шинэ чиглэл
Чан Ын Шил нь БНСУ-ын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багт данстай байсан тамирчин бөгөөд сүүлийн үед кроссфитээр идэвхтэй хичээллэж, хувийн платформуудаараа контент тогтмол бүтээдэг болсон гэж мэдээлжээ. Тэр мөн Adidas брэндийн элчээр ажиллаж, Act Plus болон Under Armour-ийн модель болж байсан байна.