Зургаадугаар сарын 6-нд “Амьдрал намайг дуунд уяраажээ” тоглолт болно
Монгол Улсын Гавьяат жүжигчин, Зууны манлай эстрадын дуучин, поп хатагтай Б.Сарантуяа урлагийн тайзнаа тасралтгүй 40 жил дуулсны ойгоо сонсогчидтойгоо тэмдэглэхээр болжээ. Түүний 40 жилийн ойн тоглолт ирэх зургаадугаар сарын 6-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд “Амьдрал намайг дуунд уяраажээ” нэртэйгээр толилуулах энэ үдэш дуучин нийт 40 уран бүтээлээ хүргэхээр төлөвлөсөн байна.
Дуучны цахим нийтлэл дурсамж, талархлаар дүүрэн байв
Б.Сарантуяа тоглолтынхоо талаар цахим хуудсандаа “Тэртээх 1986 оноос дуу дуулах хүсэлдээ хөтлөгдөн урлагийн замналаа эхлүүлсэн 16 настай Сараа нь өдгөө эстрад, рок попын тайзнаа 40 жилтэйгээ золгох гэж байна аа. 1996 онд Соёлын төв өргөөний тайзнаа “Хайрын бурхан 10 жил” , 2016 онд “Corporate convention Hall- д 30 жилийн ойн тоглолтоо рок попын хамт олон, гэр бүл, дотны найз нөхөд, мэргэжлийн урлагийн байгуулагууд, фэнүүд, олон түмэн сонсогчтойгоо баяр хөөр, цог жавхлантайгаар тэмдэглэж байсан торгон мөчүүд саяхан мэт… Олон сайхан урлагийн бурхан тэнгэрүүд маань тэр үеэс хойш тэнгэрт олноороо биднийгээ орхин хальсан ч та бүгдийгээ дурсан санан, хамт эхлүүлсэн урлагийн эх үйлсдээ үнэнч, тууштай хэвээр байна гэдэгтээ Сараа дүү нь итгэлтэй байна… Миний хувьд… “Амьдрал намайг дуунд уяраажээ…” хэмээн нийтэлжээ.
Уран бүтээлийн замнал: хамтлагаас эхэлж, этник поп урсгалд хүрсэн түүх
Улаанбаатар хотод төрж өссөн Батмөнхийн Сарантуяа уран бүтээлийн гараагаа “Мөнгөн харандаа” хамтлагт дуулж эхэлсэн байна. Улмаар 1990-ээд оноос “Хөх тэнгэр” хамтлагт орсноор олны анхааралд илүү өргөн хүрээнд орж, нэр танигдах боломж нь нээгдсэн гэж дурджээ. Тэрээр бие даасан анхны цомгоо “Зүүдний говь” нэрээр 1992 онд гаргасан бол “Сэтгэлийн хөг” бие даасан анхны тоглолтоо 1994 онд Соёлын төв өргөөнд хийж байсан байна. Түүнчлэн Монголын поп урсгалд уран бүтээл туурвидаг уран бүтээлчдээс анх удаа монгол ардын дуунуудыг поп хэлбэрт найруулсан “Аргагүй амраг” цомгийг гаргаж, монгол этник урсгалын суурийг тавьсан хэмээн үздэг.
Сонсогчдод хүргэсэн цомгууд нь олон арван нэртэй
Өнгөрсөн хугацаанд Б.Сарантуяа “Зүүдний говь”, “Инээмтгий хүн”, “Аргагүй амраг”, “Миний дуу”, “Эгэл сэтгэл”, “Хайрын зөрлөг”, “Тэгвэл хоёулаа”, “Saraa De Mооn”, “Би жаргалтай”, “Шинэ жилийн аялгуу”, “Өнөөдөр ирсэн дурлал”, “Төрсөн өдрийн аялгуу”, “Хайрын бэлэг”, “Сэтгэлийн есөн цацал” зэрэг олон цомгийг сонсогчдын хүртээл болгожээ.