Нүүр хуудас Уран сайханРубенсийн дөрвөн зууны турш алдагдсан шедевр 2.3 сая еврогоор зарагдлаа

Рубенсийн дөрвөн зууны турш алдагдсан шедевр 2.3 сая еврогоор зарагдлаа

0 сэтгэгдэлүүд

Парисын хувийн байшингаас Версаль дахь дуудлага худалдааны танхим хүртэл

Бароккогийн суут зураач Петер Паул Рубенсийн олон зуун жилийн турш алдагдсан, олны нүднээс бүрэн далд байсан бүтээл дахин “амь орж”, өнгөрсөн ням гарагт Францын Версаль хотод болсон дуудлага худалдаагаар 2.3 сая еврогийн /ойролцоогоор 2.7 сая ам.доллар/ үнээр худалдагджээ.

Есүс Христийг загалмай дээр цовдлогдсон байгаагаар дүрсэлсэн энэхүү зураг саяхан Парисын нэгэн хувийн сууцнаас олдсон бөгөөд мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Рубенсийн урлангийн нэгэнд бүтээсэн анхны хувилбар /оригинал/ байх өндөр магадлалтай гэж дүгнэсэн байна. Өмнө нь уг зураг ийм хэмжээний үнэ хүрээгүй, ихэнхдээ 10 мянган еврог ч давдаггүй үнэлгээтэй байсаар ирсэн нь анхаарал татаж байна.

Дуудлага худалдааг зохион байгуулсан “Осенат” ордны төлөөлөгчид бүтээлийн жинхэнэ байдал, гарал үүслийг олон шатны шинжилгээ, судалгаагаар нотолжээ. Ингэснээр анх энгийн хуучин зураг хэмээн тооцогдож байсан бүтээл дэлхийн хэмжээний үнэт өв болох нь баталгаажсан юм.

“Рубенсийн хороо” албан ёсоор баталгаажуулжээ

Зургийг илрүүлсэн даруйдаа мэргэжилтнүүд уг бүтээлийн гарал үүслийн талаар таамаг дэвшүүлж, зохиогчийг нэг мөр тогтоохын тулд гүнзгий судалгаа хийжээ.

Дуудлага худалдааны мэргэжилтэн Жан-Пьер Осенат “Associated Press” агентлагт өгсөн ярилцлагадаа:

“Би энэхүү бүтээлийн талаар тэр даруй таамаглал дэвшүүлж, түүнийгээ баталгаажуулахын тулд чадах бүхнээ хийсэн. Эцэст нь бид Антверпен дэх Рубенсийн хороо болох Рубенианумаар баталгаажуулж чадсан”

хэмээн онцолсон байна.

Антверпен хот дахь “Рубенианум” нь Рубенсийн уран бүтээлийг судалдаг нэр хүндтэй шинжээчдийн төв бөгөөд тэдний албан ёсны баталгаа нь энэхүү бүтээлийг зах зээл дээрх онцгой, дахиж давтагдашгүй бүтээлүүдийн эгнээнд оруулж байгаа юм.

Христийн цовдлогдсон цорын ганц ийм төрлийн зураг

Рубенсийн уран бүтээлийг олон жил судалж буй мэргэжилтэн Нильс Бюттнер дуудлага худалдаанаас өмнө хэвлэлд мэдээлэхдээ, уран бүтээлч Есүс Христийн цовдлолтыг үе үе зурдаг байсан ч ийнхүү загалмай дээр амьсгал хураасан мөчийг дүрсэлсэн хэсэг тун ховор гэдгийг онцолжээ.

Тэрээр:

“Тиймээс энэ бол Христийн хажуу талын шархнаас цус урсаж байгааг харуулсан цорын ганц зураг бөгөөд энэ бол Рубенсийн зөвхөн ганцхан удаа зурсан зураг юм”

хэмээн онцлон тайлбарлаж, бүтээлийн урлагийн түүхэн үнэ цэнийг улам тодотгосон байна.

“Осенат” ордны мэдээлснээр, зургийн будгийн давхаргыг бичил дуран авайгаар нарийвчлан шалгахад Рубенст түгээмэл байдаг пигментүүд буюу цагаан, хар, улаан өнгөний хослол төдийгүй хүний арьсны өнгө илэрхийлэхдээ ашигладаг цэнхэр, ногоон пигментүүд тодорхойлогдсон нь гарал үүсэл, бүтээлийн хэв маягийг баталгаажуулах чухал нотолгоо болсон аж.

Алдагдсан түүх: XVII зуунаас XIX зууны Францын мастер хүртэл

Урлагийн шинжээч Эрик Туркинигийн өгүүлснээр уг зураг 1600-аад оны эхэн үеэс хойш ор сураггүй болж, олон зууны турш хувийн цуглуулгын гүнд нуугдмал байсаар иржээ. Түүхэн тэмдэглэлд тэмдэглэснээр XIX зуунд Францын сонгодог зураач Уильям Бугеро тус бүтээлийг эзэмшиж байсан бөгөөд дараа нь гэр бүлийнхэндээ өвлүүлэн үлдээсэн аж.

Тэр цагаас хойш олон үе дамжин хувийн орон сууц, хаалттай цуглуулгын хананд өлгөөтэй явсан “нууц шедевр” нь ийнхүү 2025 онд дахин ил болж, дэлхийн урлагийн зах зээл дээр Рубенсийн ховор нандин бүтээл хэмээн үнэлэгдэн, хэдэн зууны түүхийг дагуулсан үнэ хаялцааны төвд орсон нь энэ юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх