Жүжигчин Lee Da Hae болон дуучин SE7EN нар гэрлэснээсээ гурван жилийн дараа анхны хүүхдээ хүлээж буйгаа зарлалаа.
Lee Da Hae тавдугаар сарын 20-нд өөрийн сошиал хуудсаар дамжуулан баярт мэдээгээ хуваалцжээ. Тэрээр:
“Хоёулаа байснаа гурвуулаа болно. Бидний бяцхан гайхамшиг ирж байна”
хэмээн бичиж, жирэмсэн болсноо албан ёсоор мэдэгдсэн байна.
Нийтэлсэн бичлэгт Lee Da Hae, SE7EN нар эцэг эх болох бэлтгэлээ аз жаргалтайгаар хуваалцаж буйгаар харагджээ. Тэд “MOM”, “DAD” гэсэн бичигтэй малгай өмсөж, хүүхдийн жижиг гутал болон хэт авианы зургийг барин инээмсэглэсэн байна.
Мөн Lee Da Hae-ийн жирэмсний баярт зориулсан үдэшлэгийн зургууд цахим орчинд нийтлэгджээ. Жүжигчин бүсгүйн байнга үйлчлүүлдэг гэж мэдэгддэг цэцгийн дэлгүүр тэдэнд баяр хүргэсэн мэндчилгээ нийтэлж, охинтой болох гэж буй хосын шинэ эхлэлийг дэмжсэн байна.
Нийтлэгдсэн зургууд дээр Lee Da Hae-ийн төрсөн өдөр болон жирэмсний баярыг хамтад нь тэмдэглэсэн уур амьсгал харагджээ.
Lee Da Hae, SE7EN нар найман жил үерхсэний дараа 2023 оны тавдугаар сард гэрлэсэн. Анхны хүүхдээ хүлээж буй энэ мэдээ нь хосын амьдралын шинэ, баярт үеийн эхлэл болж байна.
