50 настай дуучин Sia хуучин нөхөр Дэн Бернарддаа сар бүр 40 мянган ам.доллароос давсан хэмжээний тэтгэлэг төлөхөөр болжээ. Энэ шийдвэрийг Лос-Анжелес тойргийн Дээд шүүх өчигдөр гаргасан тухай People мэдээлсэн байна. Төлбөрийг тэдний хамтын хоёр настай хүү Сомерсальт-Уандерийг 18 нас хүртэл нь асран тэтгэхэд зориулах юм.
Сар бүрийн энэхүү төлбөрөөс гадна Sia хүүхдийнхээ хувийн сургуулийн төлбөр, хоёр тал урьдчилан зөвшөөрсөн хичээлээс гадуурх үйл ажиллагааны зардал, мөн даатгалаар бүрэн нөхөгдөхгүй эмчилгээний зардлыг ч хариуцах үүрэг хүлээжээ. Хосууд цаашид хүүгээ хамтран өсгөх бөгөөд Дэн Бернардын ажлын өдөр, амралтын өдрүүдэд хүүхдээ асрах тодорхой хуваарь, баярын өдрүүдийн нарийвчилсан зохицуулалтыг тусгасан хамтарсан асрамжийн хэлбэрээр үргэлжлүүлэхээр болсон байна.
Sia, Дэн Бернард нар 2022 оны арванхоёрдугаар сард гэрлэсэн бөгөөд энэ нь дуучны хувьд хоёр дахь гэрлэлт байв. Үүнээс өмнө тэр Эрик Лэнгтэй гэрлэж байсан ч 2016 онд, хоёр жилийн хамтын амьдралын дараа салсан түүхтэй. Дуучин нийт гурван хүүтэй. Тэдний хоёр нь болох Десани, Че нарыг өргөж авсан бол Сомерсальт-Уандер нь 2024 оны гуравдугаар сард Дэн Бернардаас төрсөн хүүхэд юм.
Анхны жирэмслэлтээ Sia маш нууцалж өнгөрүүлсэн байдаг. Тэр удаан хугацаанд аялан тоглолт хийгээгүй бөгөөд хэсэг хугацааны дараа л сошиал орчинд хүүхэд тэвэрсэн зураг нь гарч ирснээр олон нийт энэ талаар мэдсэн байна. Үүнээс болж Оросын зарим хэвлэл түүнийг охинтой болсон гэж хүртэл ташаа мэдээлж байжээ. Мөн Sia өмнө нь эмээ болсон тухайгаа ч ярьж байсан юм.