“Single’s inferno” реалити шоуны тавдугаар улирал нэгдүгээр сарын 20-нд цацагдаж эхэлснээс хойш оролцогч бүр олны анхаарлыг өөр өөрөөр татаж байгаа ч үзэгчдийн дунд хамгийн их яригдаж, сошиал сүлжээг “шууруулж” буй нэр бол Чой Мина Сю болоод байна.
Шоуны хамгийн их анхаарал татаж буй од
Одоогийн байдлаар шинэ улирлын оролцогчдоос үзэгчдийн сонирхлыг хамгийн ихээр татаж, хайлт, шүүмж, бичлэгийн төвд орсон хүнээр Чой Мина Сю нэрлэгдэж байна. Түүний гадаад төрх, боловсрол, миссийн карьер, нийгмийн идэвхтэй оролцоо зэрэг нь шоуны сэдвийг давсан яриа, хүлээлтийг үүсгээд байна.
Австралид төрж, АНУ-д суралцсан боловсролтой мисс
Чой Мина Сю 1999 онд Австралид төрсөн бөгөөд одоо 27 настай, загасны орд аж. Тэрээр АНУ-ын University of Illinois Urbana–Champaign сургуулийг төгссөн, олон улсын боловсролтой залуу эмэгтэй юм.
Гоо сайхан, тайзны ур чадвараараа тэр миссийн тайзнаа ч амжилттай яваа. 2021 онд Miss Korea тэмцээнд дэд байр эзэлж, дараа нь Miss Earth Korea 2022 тэмцээний титмийг хүртсэнээр дэлхийн “Big Four” буюу дөрвөн том миссийн тэмцээний нэгэнд түрүүлсэн Өмнөд Солонгосын анхны эмэгтэй болсон нь түүнийг олон улсын түвшинд танигдах гол шалтгаануудын нэг болсон.
Реалити шоуны туршлагатай оролцогч
“Single’s inferno-5” шоу нь түүний хувьд анхны реалити туршлага биш. Үүнээс өмнө тэр “Battle for Tenancy: Penthouse” нэртэй шоунд оролцож, үзэгчдэд өөрийгөө аль хэдийн танилцуулж байжээ. Иймээс камерын өмнөх байдал, өөрийгөө илэрхийлэх арга барил, реалити форматтай зохицох чадвар нь бусад оролцогчдоос тод ялгарч байгаа гэж фэнүүд дүгнэж байна.
Байгаль хамгаалал, нийгмийн хариуцлагад төвлөрсөн карьер
Чой Мина Сю зөвхөн шоу, миссийн тэмцээнээр хязгаарлагдахгүй, байгаль орчны асуудалд идэвхтэй дуугарч буй залуу элч төлөөлөгчийн нэг юм.
Өдгөө тэр “Miss Earth Foundation”, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP), мөн WWF буюу Дэлхийн байгаль хамгаалах сангийн элч төлөөлөгчөөр ажиллаж, тогтвортой хөгжил, экологийн асуудлаар олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх, залуусыг уур амьсгалын өөрчлөлт, байгаль хамгааллын сэдвээр идэвхтэй оролцохыг уриалж байна.
Ийнхүү Чой Мина Сю нь “Single’s inferno” шоуны нэг оролцогчоос гадна боловсрол, гоо сайхан, нийгмийн идэвхийг нэгтгэсэн шинэ төрлийн одын дүр төрхийг харуулж, яагаад үзэгчдийн хамгийн их сонирхлыг татаж буй оролцогч болсон шалтгаанаа бодитоор баталсаар байна.